Украины тэтгэврийн дээд хэмжээ 420 доллар

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-30 10:27:45
КИЕВ./TASS/. Өнөөгийн байдлаар Украинд тэтгэврийн дээд хэмжээ 10740 гривен /420 доллар/ байгаа тухай тус улсын Нийгмийн бодлогын дэд сайд Николай Шамбир мэдэгджээ.

“2011 оноос эхлэн 10740 гривенээс дээш хэмжээтэй тэтгэвэр нэг ч удаа тогтоогдож байгаагүй. Дээрх хугацаанаас өмнө тогтоогдож байсан ганц нэг тэтгэвэр үүнээс ялимгүй их байгаа” хэмээн дэд сайд ярьсныг “Укринформ” иш татан мэдээлжээ.

Сэтгүүлчид түүнээс шүүгчдийн тэтгэвэр өндөр байдаг тухай асуухад тэрбээр: “шүүгч нарт насан туршид нь сар тутмын мөнгөн тэтгэмж өгдөг. Гэхдээ энэ тэтгэвэр биш” хэмээн тэр тодотгон хэлжээ.

Украины тэтгэврийн дундаж хэмжээ 2017 оны 1 дүгээр сарын байдлаар 1828 гривен /72 доллар/ байгаа бол хамгийн бага тэтгэврийн хэмжээ 1247 гривен /49 доллар/ байгаа аж.

Олон улсын валютын сангийн голлох шаардлагуудыг биелүүлж, зээлийн хөтөлбөрөө цааш нь үргэлжлүүлэхийн тулд Украинд одоо тэтгэврийн шинэчлэлийг хийж байгаа ажээ. Энэ нь тус улсын Тэтгэврийн сангийн алдагдал 140 тэрбум гривенд /5,4 тэрбум доллар/ хүрсний улмаас Украины санхүүгийн системийн тогтвортой байдалд заналхийлэх болжээ. Энэ секторын ачааллыг бууруулах зорилгоор тус сангийн шинжээчид Засгийн газарт тэтгэвэрт гарах насыг уртасгахыг санал болгосон байна.

Украины Засгийн газар тэтгэврийн насыг нэмэхээс албан ёсоор татгалзсан ба үүнийхээ оронд 2018- 2028 он хүртэл даатгалын ажилласан жилийн шаардлагыг нэг жилээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр, дээрх шинэчлэл хийгдэж дуусахад 60 нас хүрсэн Украины иргэн тэтгэвэрт гарахын тулд 35 жил ажилласан байх шаардлагатай болж байгаа юм. Дээрх санаачлага нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа ажээ.
О.Барс 
Холбоотой мэдээ