Испаничууд 20 тн улаан лоолиор байлдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-30 17:46:54
 БУНЬОЛЬ. /Sputnik/. Испанийн зүүн нутгийн Буньоль хотод 72 дахь удаагийн “Ла Томатина” наадам буюу хүнсээр байлдаж зугаацдаг дэлхийн хамгийн том фестиваль өнөөдөр боллоо. Энэхүү фестивалийг испаничууд 1945 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэсээр ирсэн юм.

Газар дундын тэнгисийн энэ хотын оршин суугчид, дотоод болон гадаадын жуулчид жил бүрийн наймдугаар сарын сүүлийн лхагва гарагт  нэг цагийн турш ойролцоогоор 20  тн улаан лоолийг бие бие рүүгээ шидэж зугаацдаг байна.


1945 онд тус хотын залуучууд гудамжны нэг мухлагаас улаан лооль худалдан авч, бие бие рүүгээ шидсэнээс энэ наадам үүсэлтэй гэж ярьдаг юм.

Испанийн өрийн хямралтай холбогдуулан 2013 оноос нутгийн оршин суугчдаас бусад хүнийг 10 еврогоор энэ наадамд оролцуулдаг болсон бөгөөд тасалбар нь хэдэн долоо хоногийн өмнө борлогдож дуусдаг байна.


 

Г.Доржханд
Холбоотой мэдээ