“Samsung”-ийн гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2025-10-28 14:36:54

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /AПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утсаа танилцуулна гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, “Samsung Electronics” компани “K-Tech Showcase” нэртэй үйл ажиллагаанд оролцож, гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утас зэрэг хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх ажээ.


Гэсэн хэдий ч шинэ гар утсыг зөвхөн шилэн хоргонд байршуулан харуулах бөгөөд дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг нь ирэх 11 дүгээр сарын сүүлч эсвэл 12 дугаар сарын эхээр танилцуулах төлөвтэй байна. Шинэ загварыг гурван хэсэг болгон нугалж болохоор зохион бүтээсэн бөгөөд бүрэн дэлгэгдсэн үедээ таблетын хэмжээтэй дэлгэцтэй болох бол эвхсэн үед ердийн ухаалаг гар утасны хэмжээтэй байх юм.


Энэ оны долоодугаар сард худалдаанд гарсан “Galaxy Z Fold 7”-гийн 256GB багтаамжтай загвар нь 2.37 сая воны үнэтэй байсан тул “Samsung”-ийн гурав эвхэгддэг гар утасны үнэ 3 сая воноос дээш /2090 ам.доллар/ байх болов уу хэмээн таамаглаж байна. Уг гар утсыг эхлээд 50-100 мянга орчим ширхэгийг худалдаанд гаргах магадлалтай байна.


Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилт зэрэг эдийн засгийн томоохон асуудлаар өрнүүлэх хэлэлцүүлэгт АПЕК-ийн гишүүн орнууд болон бусад улсын компаниудын 1700 орчим төлөөлөгч оролцоно.

 


Холбоотой мэдээ