Архангай аймгийн багш нар цалин нэмүүлэх жагсаал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-31 13:53:44
Архангай \МОНЦАМЭ\. Улсын хэмжээнд энэ сарын 20-ны өдөр “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо” байгуулагдаж багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Гэсэн хэдий ч тодорхой бус хариу өгсөн хэмээн түр хорооноос орон даяар нэг өдөр, нэг цагт тайван жагсаал хийлээ. Энэхүү түр хороо нь Архангай аймагт “Багшийн цалинг нэмэгдүүлэх салбар түр хороо”-гоо байгуулж, энэ сарын 30-ны өдөр аймгийн төвийн болон хөдөө 19 сумын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын 500 гаруй төлөөлөл оролцсон “Боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан цуглаан жагсаал”-ыг Дэмид жанжны талбайд өглөөний 11.30 цагт боллоо. Тэд олон улсын жишигт нийцсэн цалин хангамжтай болохыг шаардаад гадаадын орнуудын багш нарын цалингийн дөнгөж 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 400.000-630.000 төгрөгийн цалинтайгаа онцолж байлаа. Мөн боловсролын салбарыг уналтанд оруулж нөлөөлж байгаа зүйл нь цалин хөлс дээрээс нь Засгийн газрын ойрхон солигддог байдал гэдгийг дуу нэгтэйгээр хэлэв. Монголыг аврах цорын ганц зүйл бол боловсролын салбар юм.  Монголыг оюунлаг иргэд  аврах учраас боловсролынхоо салбарт хөрөнгө оруулалт хийх гарцаагүй шаардлага байна гэж тэд үзэж байна.
Архангай аймгийн хэмжээнд 32 ерөнхий боловсролын сургууль, 36 хүүхдийн цэцэрлэгт нийт 1800 гаруй багш ажилладаг байна. Үүнээс СӨБ-д 500 гаруй нь ажиллаж байна. Ингээд багш нарын төлөөллөөс авсан сэтгэгдлийг хүргэе.  
  
Архангай аймгийн Цэнхэр сумын ЕБС-ын химийн багш Н.Должинсүрэн:
-       Нэгэн зорилго дор ирээдүйгийнхээ төлөө ажиллаж байгаа бид бүхний цалин хөлсийг нэмэгдүүлэхээр энд бид цуглаад байна. Би боловсролын салбарт 17 дахь жилдаа ажиллаж байна. Өнөөдрийн бидний цалин хөлс хэдий хэмжээнд байгаа вэ гэдгийг мэдэж мэдэрч байгаа учраас энд цуглаад байгаа юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгэм хангамжийн эх үүсвэрээ нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан хүртээмжтэй цалин хөлс авах эрхтэй гэж тунхагласан байдаг. Ийм учраас өнөөдрийн багш нарын авч байгаа цалин хөлсийг төр барьж байгаа төрийн тэргүүн хүмүүст мэдэгдэж байгаа юм. Бидний санал хүсэлтийг Монгол улсын Засгийн газар хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Оюуны их уурхай болсон хүүхэд багачуудаа, Монголын ирээдүйг бэлтгэн гаргаж байгаа бидний цалин хөлсийг, бидний үнэлэмжийг дээшлүүлж өгөхийг шаардаж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын ЕБС-ын сургуулийг багш Д.Энхмандах  
-       Би боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөөгийн багш нарын ажиллах, хөдөлмөрлөх бүхий л жаргал зовлонг туулж, хойч үеийнхээ сайхан байх их үйлсийн төлөө зүтгэж явна даа.  Багш бидний санасан санаа нэгэн зүгт ямагт хамт байдаг шүү дээ. Тиймдээ ч бид энэ жагсаалд хамтдаа байна. Өнөөдөр багш нар цалингийн зээлийн өрний сүлжээнд орчихсон өдөр хоногийн бор амьдралаар амьдарсаар л байна. Гэсэн ч бид ажлаа хаяж цалгардуулаагүй, үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө үнэн сэтгэлээрээ ажилласаар байна. Харин өнөөдөр бид дуу хоолойгоо нэгтгэж төр засагтаа үгээ хэлж байна. Эцэст нь хэлэхэд багшийг хүндэл, багшийг дэмж, багшийг хөгжүүл, багшийг хайрла. Бид үргэлж хамт байх болно гэж хэлье.

“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос “Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж хугацаагүй ажил хаях болно” хэмээн мэдэгдсэн. Хэдий жагсаал хийсэн ч есдүгээр сарын нэгнээс хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хичээл орно гэж байна.
 
Б.Гэрэлт-Од   
Холбоотой мэдээ