Лос-Анжелес хотод онц байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-04 17:25:19

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод түүхэнд болж байгаагүй хамгийн их хэмжээний ой хээрийн түймэр гарч, онц байдал зарлажээ.

Хотын захын хэсгүүдээр хэдэн зуун айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Ойролцоогоор 5000 акр газрыг хамраад байгаа уг түймэр нь өнгөрсөн баасан гарагт "La Tuna Canyon" үндэсний хүрээлэнд гарч эхэлсэн бөгөөд хот даяар утаа бүрхсэн байдалтай байна. Наад зах нь 3 айлын гэр бүрэн өртөж шатан, гол зам болох “210 Freeway” хаагджээ. Бямба гарагийн шөнө хотын захирагч Эрик Гарсетти онц байдал зарлаж, Калифорни муж улсын амбан захирагч Жерри Браун нэмэлт арга хэмжээг яаралтай авч эхэлжээ.

Уг түймрийг хамарсан талбайн хэмжээгээр нь авч үзвэл Лос-Анжелес хотын түүхэнд гарсан хамгийн том түймэр ажээ.

Калифорни муж улс дулааны долгионд өртөөд байгаа бөгөөд хүчтэй салхи ихэсч түймрийн тархалтыг улам өдөөж байгаа юм. АНУ-ын баруун хэсгээр мөн адил томоохон түймэр гарч эхлээд байна. Монтана болон Вашингтон муж улсуудад засгийн газраас зүгээс хэдийн онц байдал зарласан бөгөөд мянга мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. 


Х.Сарнай


Холбоотой мэдээ