Пакистанд үргэлжлэн орсон борооны улмаас 164 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-07 10:09:18

ИСЛАМАБАД. /Xinhua/Пакистанд энэ оны 6 дугаар сарын сүүлчээс хойш  үргэлжлэн орсон борооны улмаас 164 хүн амиа алдаж, 167 хүн гэмтэж бэртэн, 440 байшин нурж сүйрчээ.


Пакистаны өмнөд нутгийн Синд, зүүн нутгийн Пенжаб муж гамшигт хамгийн ихээр өртсөн бөгөөд 6 дугаар сарын сүүлийн долоо хоногт эдгээр хоёр мужид 38 хүн амиа алдсан тухай Гамшгаас хамгаалах үндэсний алба мэдээллээ. Энэхүү үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас олон зуун хүн орон гэргүй болоод байна.


Үндэсний гамшгаас хамгаалах алба болон мужуудын захиргаанаас томилогдсон багууд байгалийн гамшигт өртсөн нутгуудад аврах ажиллагаа явуулсаар байна. Нийт 873 ширхэг майхан, 1150 уут буудай, будаа болон бусад хоол хүнсний бүтээгдэхүүн, шаардлагатай эм тариаг хүргэжээ.  


Пакистанд жил бүрийн 6 дугаар сард борооны улирал эхэлж 9 дүгээр сарын эхний долоо хоног хүртэл үргэлжилдэг.  Энэ үед олон газарт үргэлжилсэн хүчтэй бороо орсны улмаас үер болдог байна. 


2010 онд тус улсын Хайбер-Пахтунхва, Пенжаб, Синд мужуудыг хамарсан үерийн улмаас 1540 хүн амиа алджээ. НҮБ-ын тайланд дурдсанаар,  557 226 байшин эвдрэн сүйрч, ойролцоогоор 6 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байсан аж.

 

Х.Сарнай 

 


 

 
 
 

Холбоотой мэдээ