Дундговь аймагт түүх, соёлын 290 дурсгал бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:03:42

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл тооллого Дундговь аймагт дууслаа. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн бүртгэл тооллогоор Дундговь аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт 290 дурсгал бүртгэжээ. Үүний 50 нь шинээр бүртгэгдсэн дурсгал байна.

Шинээр бүртгэсэн түүх, соёлын дурсгалд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр, хадны зураг, Хүннүгийн болон монгол булш, Түрэгийн үеийн тахилын онгон, зэл чулуу зэрэг багтжээ.

Одоогийн байдлаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаас 16 нь аймгийн, 7 нь улсын тусгай хамгаалалтад бүртгэгдсэн байдаг.  Үүн дээр нэмээд Говь- Угтаал сумын нутаг Ар зүлэгтийн эртний хотын байгууламж, хүн чулуун дурсгалыг улсын хамгаалалтад, Гурвансайхан сумын Талын булгийн тахилын онгон, Дэлгэрхангай сумын төв дэхь Монгол Улсын анхны бага сургуулийн нэг олноо “Ногоон дээвэрт” хэмээн нэрлэгдсэн барилга зэрэг хэд хэдэн дурсгалыг аймгийн хамгаалалтад авах тухай саналыг холбогдох газарт хүргүүлнэ гэж аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б. Батхүү хэллээ.

Тооллогын явцад улс, аймгийн тусгай хамгаалалтад бүртгэгдсэн хэрнээ хадгалалт хамгаалалт алдагдаж, хайхрамж дутагдсанаас түүх, соёлын дурсгал эвдэгдэж сүйтгэгдсэн байдал анхаарал татсан байна.Энэ талаар Монголын Соёлын өвийн төв, аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулахаар болжээ.

Т.Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд