14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-06 15:46:20

Иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 515 сая 379 мянган  төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт даалгав.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км  авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгох юм.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Холбоотой мэдээ