Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-08 18:31:11
Хэнтий /МОНЦАМЭ/. Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол Сүхбаатарын талбайд энэ сарын 13-ны өдөр болох гэж байна.

Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн хамт олон анх санаачлан эхлүүлсэн бөгөөд урлах үйл ажиллагаанд Монголчууд төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд оролцжээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон аж.

“Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн зураач Д.Нэргүй хэлэхдээ “Бид бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлж өгсөн. Энэхүү бүтээл нь 1-рт Малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, 2-рт Эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, 3-рт Хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацид бүртгэгдэх юм” хэмээн ярилаа.

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд урласан байна. Тус бүтээлд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлог болжээ.

Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд бүтээсэн уг бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ