“China Daily” Монголын ахмад дайчдыг онцоллоо

Орон нутагт | Дорнод
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:08:51

Энэ сарын 25 ны өдөр  БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хотноо  сүндэрлэн буй Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд хүрэлцэн очсон Монголын ахмад дайчдын талаар  Хятадын  өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл болох "China daily" 8 дугаар сарын  26-ны өдрийн дугаартаа онцолсон байна.

 1945 оны Японы  түрэмгийллээс Хятадыг чөлөөлөх дайнд  гавьяа байгуулсан Монгол- Зөвлөлтийн дайчдын баатарлаг үйлс гэгээн дурсгалд зориулсан хөшөө өдгөө Жанчхүү хотын Жанбэй  сяньд сүндэрлэн байдаг бөгөөд жил бүрийн 5 дугаар сард БНХАУ дахь ОХУ- ын элчин сайдын яам, 8 дугаар сард БНХАУ дах Монгол Улсын элчин сайдын яамнаас зохион байгуулан хүндэтгэл үзүүлдэг  уламжлал тогтоод байгаа юм байна. 

Энэ жилийн хүндэтгэлийн ажиллагаанд Жанчхүүгийн тулаанд оролцон, цэргийн тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан   өдгөө 93 настай ахмад дайчин,  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор  Э.Лувсанбалдан,  ахмад дайчин Т. Бат-Очир, Дайнд оролцсон ахмад дайчдын холбооны тэргүүн Ч.Самбуу  болон Монгол Улсын баатар Л.Аюуш, Монгол Улсын баатар түрүүч М.Жанчив, Монгол Улсын баатар С.Дампил, Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг, Монгол Улсын баатар ахлагч Т.Дүүдэй  нарын  үр ач нар Жанчхүү хотноо хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлснийг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон мэдээлж байна.

Ахмад дайчдын талаар  Хятадын  өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл болох China daily  26-ны өдрийн дугаартаа онцолсон бол мөн  Хятадын Үндэсний радио, Хятадын Олон улсын радиогийн өргөн нэвтрүүлэг интернет хаягаар тэдний ярилцлагыг мэдээлжээ.Жанчхүү дэх Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө Дэлхийн 2 дугаар дайны ялалт, гурван улсын хамтын тэмцэл, найрамдалт  харилцааны нэгэн баталгаа, бэлгэдэл бөгөөд гурван улсын  найрсаг харилцаа улам батжин бэхжихийг  ерөөжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд