"Ирма"-гийн улмаас Флоридагийн оршин суугчдын гуравны хоёр цахилгаангүй болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-12 13:33:01
ВАШИНГТОН. /АП/. “Ирма” хар салхи дайран өнгөрсний улмаас АНУ-ын Флорида муж улсын нийт оршин суугчдын бараг гуравны хоёр хувь буюу 6.5 сая орчим хүн гэрэл цахилгаангүй болоод байна гэж Америкийн “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээллээ.

Оршин суугчдад тусламж үзүүлэх ажиллагаа ид өрнөж байгаа бөгөөд инженерүүд цахилгааны шугамуудад гарсан гэмтлийг засаж байгаа ажээ.

Флорида-Кис олтригийн арлууд болон тус муж улсын баруун хэсэг өнгөрсөн ням гарагт IV зэргийн хүчтэй хар салхинд нэрвэгдсэн юм.



Флоридад энэ хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ хар салхи Карибын арлуудыг дайран өнгөрөхдөө 37 хүний аминд хүрчээ.

Хар салхины улмаас тус муж улсаас хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Даваа гарагт Цагаан ордны Дотоодын аюулгүй байдлын зөвлөх Том Боссер мэдэгдэл хийхдээ “Флорида-Кисийн оршин суугчид ойрын хэдэн долоо хоногтоо орон гэртээ буцаж очиж болохооргүй байна” гэжээ.

“Ирма”-гийн улмаас АНУ-д ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний буюу 100 тэрбум орчим долларын эд материалын хохирол учраад байна гэсэн урьдчилсан тооцоог тус улсын холбогдох албаны хүмүүс гаргаад байна.
Г.Доржханд

 

Холбоотой мэдээ