Дэлхийн банкнаас зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-14 20:45:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Дэлхийн банкнаас зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

Улс орны хөгжлийн дүн шинжилгээ болон Дэлхийн банк группын Монгол Улстай байгуулах стратегид оролцогч талуудын санал, зөвлөмжийг авах зорилгоор аймгийн удирдлагууд болон төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхнийг хамруулсан зөвлөлдөх уулзалтыг хэсэгчлэн зохион байгуулсан байна. 
Дэлхийн банкнаас тус аймагт хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоогоор Боловсролын чанарын шинэчлэл, Тогтвортой амжиргаа-3, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслүүд хэрэгжиж байгаа билээ.
Цаашид улс орны болон аймаг орон нутагт хэрэгжүүлэх, дэмжиж хамтарч ажиллах гол асуудлуудыг энэ үеэр хэлэлцлээ. Тухайлбал нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, тэднийг эрүүлжүүлэх, эх, хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл эхээс-Эрүүл хүүхэд төрүүлэхэд анхаарч хамтарч ажиллах, агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүнийг гаргах хүртэлх хугацаанд хамтран ажиллаж, санхүүгийн болон боловсон хүчнийг бэлтгэж, сургах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч хамтарч ажиллахыг аймаг орон нутгаас хүсч байгаагаа илэрхийллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ