Манлай баатар Дамдинсүрэнгийн тухай дуулалт жүжиг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-19 10:12:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн амьдрал, баатарлаг үйлсийн тухай дуулалт жүжиг тавих гэж байна. Театрынхан жүжгийн бэлтгэл ажилдаа хэдий нь оржээ. Дуулалт жүжгийг Улс тунхагласны баяраар үзэгчдийн хүртээл болгох юм.
Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул, барга монгол хүн байв. Тэрээр Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл хүрээнд ирснээр Гадаад яамны дэд сайдаар томилогджээ. 1912 онд Ховдын байлдаанд их цэргээ удирдан орж ялалт байгуулснаар үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан байна. Түүнчлэн 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг удирдаж байсан түүхтэй.
1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Хятадын шоронд амьсгал хураахдаа "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо нас нөгчжээ. Монголын түүхэнд тод мөртэй энэ хүний баатарлаг үйлсийг хүүхэд залуучуудад таниулах, цаашлаад орон нутгийн брэнд уран бүтээлийг бий болгохоор тус театрынхан зорьж байна. 
Дорнод аймгийн ХДТ нь 2017 оныг “Театр-хүний хөгжил” зорилтот жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд “Сонгодог үдэш” тоглолтоо сумд, төрийн болон ТББ-уудад тоглосон. Тус театрын хамт олон саяхан хөрш зэргэлдээ Хянган аймгийн хошуудаар аялан тоглолт хийгээд иржээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ