Өвөлжилтийн бэлтгэл хангаж дуусгахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-09 12:53:17

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн болж, зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж,  нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө.

Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

                                     Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 

·        Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг төлөвлөгөөний дагуу  тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ажлын хүрээнд "Мэлхийт хөшөө"-нд хүндэтгэл үзүүлэх, Нийслэлийн туг мандуулах зэрэг ёслол хүндэтгэлийн ажиллагаа, “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах,  “Хүүхдийн найрал дуу”-ны гала тоглолт, “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа, “Парад шоу”, "Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг  амжилттай зохион байгууллаа.
•          Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж, гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагууд хамтран  энэ сарын 02-ноос 16-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд  шалгалт хийж, зөвшөөрөлгүй худалдааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллав. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шийтгэвэрийн хуудсаар 3 аж ахуйн нэгжийг торгож, 38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.
·         Улаанбаатар хотын замын хяналтын камер болон гэрэлтүүлгийн асалтад  Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Захирагчийн ажлын албатай хамтран хяналт шалгалт хийв. Нэгдсэн удирдлагын “Тулга” системийн тусламжтайгаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд гэрэлтүүлгийн асалт 92.1 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

-Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж, хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах
-Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, иргэдийг нийтийн тээврээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

 

Холбоотой мэдээ