60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутгийн гайхамшгууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-28 11:29:28
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 58 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.
Өмнөговь аймаг нь 2016 оны жилийн эцэст 63661 хүн амтай болж 2015 оны жилийн эцсийн хүн амын мэдээнээс 3,4 хувиар буюу 2121 хүнээр өсчээ. Нийт хүн амын 39 хувь Даланзадгад хотод, 21,4 хувь нь Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумдын төвд суурьшиж байна.

Өмнөговь аймаг нь Монгол Улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол Улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг 3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна.
Ингээд тус аймгийн аялал жуулчлалын бүс дэх байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна.

1. Ёлын ам нь Говь Гурван Сайхан уулын ам бөгөөд ёл шувуу ихтэй болохоор ийм нэр авчээ. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг.

Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болжээ. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Энд арц их ургадаг. Өглөө эрт эсвэл орой үдэш очвол янгир, аргаль, ёл шувуу зэрэг ховор амьтдыг үзэх боломжтой. Ёлын ам нь Даланзадгадаас баруун хойш 45 км-т байрладаг. 

2. Мухар шивэртийн ам нь Говь гурван сайхан ууланд байдаг. Зуны халуунд ч мөстэй хэвээр байж гадна дотноос ирэх зочид гийчдийн анхаарлын төвд байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Та бүхний харж байгаа шиг хавцлын өндрөөс урссан ус нь мөс болон хөлдсөн уулын амны мухарт орших ам юм.

3. Баян заг. Энэхүү газарт 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан тус нутагт  ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр Улаан эрэг хэмээн нэрлэжээ. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог.
Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар гэхчлэн нэрлэх энэ газар Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн нэртэй гарах ба заган ойгоор нь Баянзаг хэмээдэг байна. Энэ газар нь дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай. Одоогоос 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутгийн нэг билээ.
Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 орчим км. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө  амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ. 

4. Хэрмэн цав: Өмнөговь аймгийн нэгэн сонирхол татахуйц, гайхамшигт газруудын нэг нь Хэрмэнцав юм. Аймгийнхаа хамгийн баруун захад буюу аймгийн төв Даланзадгад хотоос 460 км-т оршино. Гурвантэс сумаас баруун тийшээ 150км зайтай байдаг.

Хэрмэнцавын тогтоцын хувьд авч үзвэл олон зуун сая жилийн салхи шуурга, дунд ба шинэ төмөрлөгийн эриний тэнгис далайн усны элэгдлээр бий болсон 250км2 талбайг хамарсан 100-200м орчим өндөр, 10 км үргэлжилсэн далайн түвшнээс дээш 1000м өндөртэй, том ангал цавуудыг үүсгэсэн асар том эрэг ганга билээ. Хэрмэн цавын эхэнд нутгийнхны цагдаа толгой гэдэг 10 м өндөр цонж бий. Зарим хүмүүс Харуул толгой гэх ажээ.

Хэрмэн цав нь ямар ч амьдралгүй мэт байх ба үүгээрээ хүмүүсийн айдсыг хүргэдэг. Хэрмэнцавын адагт баянбүрд бий. Хэрмэнцавын ойр хавьд буюу 70-80 км радиуст айл байхгүй, хүнгүй зэлүүд нутаг юм. 

5. Ноён Богд, Толь хад. Аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Бая­сах баг орчим, мөн Ноён су­мын Толь хад, Ноён богд Саран хөндийн орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нут­гийн тус­гай хамгаалалтад авчээ. Учир нь тус бүс нутагт байгалийн үзэсгэлэнт Толь хад зэрэг газар байдаг. Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

6. Хонгорын элс. Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон, Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун хойш 216 км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35 км зайд Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт Хонгорын их элсэн манхан оршино.

Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ