Увсын багш нар ажил хаялаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-26 15:34:07
 Увс /МОНЦАМЭ/.  Увс аймгийн багш  нар өнөөдөр албан ёсоор ажил хаяад байна. Ажил хаяалтад аймгийн төвийн Цогцолбор 1, 2-р сургуулийн болон Ахлах 3, 4-р сургууль, "Увс-Эрдэм", "Чандмань-Эрдэм" ахлах сургуулийн багш нар нэгджээ.
Мөн Улаангом сумын 5-р цэцэрлэгийн болон хөдөөгийн 5 сумын ахлах сургуулийн багш нар ажил хаясан байна. Засгийн газар байгуулагдаагүй, төр засаг эзэнгүй байгаа энэ үед хоёр өдөр ажил хаяж цалингаасаа суутгуулахгүй хэмээн зарим багш нар ажил хаялтыг эсэргүүцэж байсан ч эцсийн дүндээ ажил хаясан байна.
Энэ сарын 21-нд улс орон даяар багш нар сануулах  ажил хаялт зарласан. Гэвч Увс аймгийн багш нар тухайн өдөр ажил хаялтад нэгдэлгүй, ажилласан юм. Учир нь багш нар ажил хаях байсан бол Түр хороо нь гурав хоногийн өмнө аймаг, сумын захиргаа болон Боловсролын байгууллагадаа албан ёсоор мэдэгдэх ёстой байдаг аж. Гэтэл Увс аймгийн Түр хорооноос энэхүү мэдэгдлээ гаргаж өгөөгүй байснаас өнгөрсөн сануулах ажил хаялтад Увсын багш нар оролцоогүй юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ