“Улаанбаатар дахь Хайнанийн үдэш” тоглолт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-09-26 21:07:00
УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Хятадын Хайнань мужийг сурталчлах ажлын хүрээнд Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-ын Хайнань мужийн сурталчилгааны алба хамтран УДБЭТ-т “Улаанбаатар дахь Хайнанийн үдэш” урлагийн тоглолтыг есдүгээр сарын 26-ны энэ үдэш зохион байгууллаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндун, Хайнань мужийн намын хорооны сурталчилгааны албаны дарга Линь Гуанчян, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн орлогч дарга Хасбагана, Хайнань мужийн намын хорооны сурталчилгааны албаны Гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Гүө Рэнфэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаны хүмүүс, хятад хэл шимтэн сурч буй оюутан сурагчид болон бусад хүн Хятадын Хайнань мужийн Дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолыг үзэж сонирхов.

Цэнхэр далайн эрэг, торгон элс, халуун орны ой хөвчөөр хүрээлэгдсэн Хайнань нь олон үндэстэн, ястан амьдардаг муж юм. Өнөөдрийн тоглолтын үеэр тус мужийн хүн амын 16 орчим хувийг эзэлдэг Ли үндэстний өвөрмөц дуу хөгжим болон бүжгийг толилуулсан юм.

Тайжичуан дасгалыг бүжгийн хөдөлгөөн болгон дэглэсэн “Тайжи бүжгийн гайхамшиг” бүжиг, Ли үндэстний ахуйн амьдрал болоод ли эмэгтэйн ажилсаг шинж чанарыг өгүүлсэн “Шайя Шайя Шайя” бүжиг, хос залуус бие биедээ хайраа элчилж буйг харуулсан “Далдуу модны самар бэлэглэхүй” болон Хятадын ургацын баяр болох гэж байгаатай холбоотойгоор “Арвин ургац” бүжгийг Хайнань мужийн Дуу, бүжгийн чуулгын бүжигжид бүжиглэн үзүүллээ.

Мөн тус чуулгын дуучин Ү Үй-Сүн “Аварга мод” хятад дуу, дуучин Ма Вэй “Ли үндэстний сэтгэлд цэцэг дэлгэрэв” дуу, Ү Үй-Сүн болон Ма Вэй нар “Улаанбаатарын үдэш” дууг монгол, хятад хэлээр дуулж сонирхуулсан бол “Хулсан хөгжмийн аялгуу” хэмээх аялгууг чуулгын хөгжимчид хөгжимдөж сонирхуулсан юм.

Хулсан хөгжим нь Хайнань мужийн Ли үндэстний үндэсний хөгжим бөгөөд Хятадын биет бус соёлын өвд  бүртгэгдсэн хөгжмийн зэмсэг аж. Энгийн нэг хулс, мод, навчаар хийсэн энэхүү хөгжим нь гайхамшигтай сайхан уянгалаг аялгууг гаргаж чаддагаараа онцлогтой гэнэ.

Мөн энэ тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид оролцон монгол ардын уртын дуу “Уяхан замба тивийн наран”-г дуулснаас гадна хөөмэйлж үзүүлсэн юм.


 




Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ