Төрийн албаны хяналт, шинжилгээ бодитой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-27 09:32:48
Дорнод /МОНЦАМЭ/ Төрийн байгууллагуудын дотоод хяналт хариуцсан ажилтнуудад зориулсан хоёр өдрийн сургалт болж өнгөрлөө. Сургалтыг Удирдлагын академийн Төрийн захиргаа, Хүний нөөцийн тэнхмийн багш  нар удирдан явуулсан. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хэрхэн хийх, үр дүнгийн гэрээг хэрхэн зөв байгуулах, үр дүнгийн гэрээний үр ашиг, түүнийг хэрхэн бодитой үнэлэх вэ гэсэн сэдвүүдээр ярилцаж байгаа юм.
“Төрийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт тус сургалтад аймгийн төрийн байгууллага бүрээс төлөөлөл хамрагдсан бөгөөд 25 хүн оролцохоор тооцож байсан ч 41 хүн оролцсон байна. Зохион байгуулагчдын зүгээс ийнхүү идэвх санаачлагатай оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолж байлаа. Удирдлагын академийн гол зорилго нь аливаа түвшиний бодлого, зорилгыг хэрэгжүүлэх үр ашигтай менежментийн зөвлөгөө, шинжлэх ухаанч судалгаа, практикт тулгарсан асуудлыг шийдэж чадах мэдлэг чадвар өгөх сургалтаар байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг тасралтгүй дэмжихэд оршдог. Ийм ч учраас тус сургуулиас зүүн гурван аймгийн төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ сургалтад сууснаар төрийн албан хаагчид ажлаа зөв төлөвлөж, үнэлж сурах бөгөөд үр дүнгийн гэрээнд ахиц гарна  гэж үзэж байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ