Сирид өгсөн агаарын цохилтын улмаас "Лалын улс" бүлэглэлийн 3 мэргэжилтэн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-29 13:17:41
ПЕНТАГОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчнийхэн Ирак болон Сирийн "Лалын улс" бүлэглэлийнхэн рүү дайралт хийсэн бөгөөд энэ сард Сири улсад уг террорист бүлэглэлийн 3 мэргэжилтэн амь үрэгдсэн байна гэж "Америкийн дуу хоолой" мэдээллийн агентлаг уламжлав. 

Сири улсын Маядины ойролцоо Ефрат голын хөндийд эвслийнхний агаарын дайралт болох үеэр  Абу Муадх Аль Туниси,  Сажид Фаруух Вабар нар амиа алдсан гэж "Лалын улс" бүлэглэлийн эсрэг эвслийн төлөөлөгч АНУ-ын армийн хурандаа Райн Диллон мэдэгдсэн байна.

Багдад хотоос видео хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Р.Диллон хэлэхдээ "дээрх "Лалын улс" бүлэглэлийн хоёр мэргэжилтэн худалдааны зориулалттай дроныг үйлдвэрлэн, сайжруулах асуудлыг хариуцдаг байсан" гэжээ.

Үүнээс гадна,  Сирид болсон 2 агаарын дайралтын гол бай нь Маядины ойролцоох "Лалын улс" бүлэглэлийн дрон зохион бүтээгч Абу Салман байсан бөгөөд Сирийн Ашарад байрлах түүний судалгааны лабораторийг сөнөөжээ. 

Эдгээр 3 өндөр чадвартай "Лалын улс" бүлэглэлийн дайчдыг устгасан явдал нь дайны талбарт тагнуул хийх, шууд тусгалтай галт зэвсэг болгон дроныг өөрчлөн хэрэглэх гэж байсан "Лалын улс" бүлэглэлийн санаархлыг таслан зогсоож, тэдний хүчийг бууруулсан явдал болсон гэж шинжээчид үзэж байгаа юм.

Х.Сарнай 
 

 

Холбоотой мэдээ