Нэгдсэн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийх боломж нөхцлийн талаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд Увс аймагт айлчилж байна. Тэрбээр өчигдөр Увс аймагт ирсэн бөгөөд Элчин сайдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдал болоод байгаль орчин аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбарын талаар аймгийн удирдлагууд дэлгэрэнгүй танилцуулж, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд Увс аймагт айлчлах үеэр “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барилаа. Мөн тэрбээр Увс аймгийн БОАЖГ-ын дэргэдэх гэр мэдээллийн төвөөр зочилсон бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, аяллын маршрут, үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалт газруудын талаар БОАЖГ-ын мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Элчин сайд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай мөн танилцлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов НЭ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаа тайлбарлаж, тоног төхөөрөмж, эд материалын хүрэлцээ дутмаг байгааг хэлээд хөрөнгө оруулалт хийх боломж нөхцлийн талаар санал бодлоо солилцлоо. Элчин сайд албаны хүмүүсийн хамтаар НЭ-ийн Мэс заслын тасаг, ЭЭМЯТТ-ийн үйл ажиллагаатай танилцаж эмч нартай уулзаж эмнэлгийн болон тасгуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Мөн үдээс хойш нь Цогцолбор 1-р сургуулийн хурлын зааланд Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар төгсөх ангийн сурагчид, оюутнуудад танилцуулга хийсэн юм. Ажлын айлчлал өнөөдөр мөн үргэлжилж байна.
Б.Батхүү