Архангай аймгийн “Бүтээлч багш, байгууллага”-ууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-03 07:41:46
Архангай /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярын өдрийг угтан “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Бүтээлч багш”, хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд “Бүтээлч байгууллага” гэсэн уралдаануудыг 09 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уралдааныг бага боловсрол, нийгмийн ухааны болон байгалийн ухааны боловсрол гэсэн үндсэн 3 чиглэлээр явуулсан байна. Уралдаанд 20 гаруй сургуулийн 54 багш оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулсан байна.

Бага боловсролын төрөлд нэгдүгээр байрт Хотонт сумын ЕБС-ийн Бага ангийн багш И.Бүзмаа, нийгмийн ухааны төрөлд нэгдүгээр байрт Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн Иргэний боловсролын багш О.Баасан, байгалийн ухааны төрлөөр Хангай сумын ЕБС-ийн Технологийн багш П.Ганцэцэг түрүүлжээ.

Харин хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд зохион явуулсан “Бүтээлч байгууллага” уралдаанд 26 цэцэрлэг оролцсоноос Төвшрүүлэх сумын цэцэрлэг тэргүүн байрт шалгарч 3 сая төгрөг, Өндөр-улаан сумын цэцэрлэг 2-р байрт шалгарч 2 сая төгрөг, Батцэнгэл сумын цэцэрлэг 3-р байрт шалгарч 1 сая төгрөгөөр шагнуулжээ. Мөн амжилттай оролцсон аймгийн төвийн 6 цэцэрлэгт тус бүр 500,0 мянган төгрөгийн батламжийг гардуулсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ