Ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлснээр сургууль завсардалт багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-03 10:45:29
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Манай улс 2005 оноос эхлэн ерөнхий боловсролыг 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос эхлэн 12 жилийн тогтолцоонд шилжиж, хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд элсүүлж, бүтэц, тогтолцооны хувьд дэлхий нийтийн  нийтлэг жишигт ойртуулах алхам хийсэн билээ. Хөвсгөл аймагт ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлснээр эцэг, эх, иргэдийн боловсролыг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, бага насны хүүхдийн хөгжилд онцгой ач холбогдол үзүүлж эхэлсэн, шалтгаангүйгээр сургууль завсардалт багасч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах боломж нэмэгдсэн байна.
Мөн багш нарын өөрийгөө хөгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, арга зүйн хувьд шинэчлэгдэх хандлагад ахиц өөрчлөлт гарсан, төгсөгчдийн өрсөлдөх чадвар дээшилсэн, багш нарын мэргэжлийн болон боловсролын зэрэг өөрчлөгдөж, судалгааны ажил хийх үйл явц нэмэгдсэн байна. Харин нэг талаас багшлахуйг нөгөө талаас суралцахуйг дэмжсэн хоёр талын идэвхтэй үйлээр сургалтын явцыг өрнүүлж хөгжүүлэх, суралцагчдад мэдлэг, чадвараас илүү “зөв хандлага” төлөвшүүлэх, багш, удирдах ажилтнуудын эрдэмжих, судлан шинжлэх ажлыг бодлогоор дэмжиж хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн БСУГ-ын дарга Н.Баатар-Очир багш нарын баярын хурал дээр онцлон тэмдэглэж байлаа.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ