Ууган сургууль “Ухаалаг самбар”-тай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:42:39

Дархан-Уул аймгийн анхны дунд сургууль болох Дархан сумын нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд шинээр физикийн кабинеттэй болов. Энэхүү кабинет, лабораторийг тус сургуулийн төгсөгч “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр анги хамт олноо уриалж өөрийн бололцоогоороо уг Физикийн лабораторийг засч тохижуул техник хэрэгслээр хангаж өгчээ.

“Энэхүү сайхан сэтгэлийн тус нь сургалтыг дэмжих, сурч байгаа хүүхдүүдийн сурах идэвхийг өрнүүлэх ач холбогдолтой ажил болж байна. Эдгээр төгсөгчид тоног төхөөрөмжөөр хангаж сурагчдад өөрсдийн биеээр дадлага хийх боломжийг олгож байгаад баярлаж байгаагаа илэрхийлэе” гэж сургуулийн захирал н.Амгалан ярилаа. Тус сургууль нь 1936 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг Хүйтний гол хэмээх газар “Зуны сургууль” нэртэйгээр нээгдэж гурван гэрт хоёр багш, 28 сурагчидтай хичээллэж байжээ. Эднийх 2015-2016 оны хичээлийн жилд 55 багш, 23 ажилчин, 35 бүлэгтэй, 925 сурагчидтайгаар сургалт явуулахаар 54 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна. Энэ сургуулиас Гавъяат эдийн засагч Ч.Дэмбэрэл, Кикбоксын дэлхийн аварга н.Амарбаясгалан, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Хөдөө аж ахуйн доктор Ш.Баранчулуун, Шинжлэх ухааны доктор С.Батаа, ОХУ-ын гавъяат хуульч Ч.Баатар, Биологийн ухааны доктор, профессор А.Гүрбадам, Гавъяат багш Г.Батчулуун зэрэг олон алдартнууд төрж гарсан алдартай сургууль юм.

Мөн багш нараа дэмжиж орчин үеийн сургалтын арга барилыг нэвтрүүлэх үүднээс БСШУЯ-нд төсөл бичсэнээр 7 төрлийн жижиг хэсгүүдээс бүрддэг 8 ширхэг ухаалаг самбар авсан байна. Ухаалаг самбар нь тухайн багш сурагчийн дэвтэр, ном болон үзгээрээ заахад самбар дээр шууд гардгаараа онцлогтой аж.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд