2020 он гэхэд нефтийн үнэ 80 долларын түвшинд тогтворжино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. 2020 он гэхэд нефтийн үнэ 80 долларын түвшинд тогтворжино. Ийм дүгнэлтийг Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ дэлхийн эрчим хүчний хэтийн төлвийн талаарх тайлан мэдээнд хийжээ.
Үүний сацуу, уг тайланд нефтийн одоогийн доогуур ханш илүү урт хугацаанд хэвээр байх хувилбарыг тусгасан байна. Тухайлбал, өндөр зардлаар түүхий эд үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахан гаргаж байгаатай холбоотойгоор Ойрхи Дорнодын нефть экспортлогчдын бодлогоос хамаарч нефтийн үнэ 1970-аад оны түвшинд хүрч магадгүй гэж ОУЭХА онцлон тэмдэглэсэн байна.
МАГАТЭ-гийн тайланд тусгасан үндсэн хувилбарт мөн Азийн хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагын улмаас 2013 болон 2040 оны хооронд дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт бараг гуравны нэгээр өснө гэж таамаглажээ. 2040 онд Хятадын нефтийн цэвэр импорт АНУ-ын импортын хэмжээнээс бараг 5 дахин нэмэгдэх бол Энэтхэгийн импортын хэмжээ Европын Холбооны орнуудын импортын хэмжээнээс давах төлөвтэй байна гэж ОУЭХА урьдчилан таамаглаж байна.
Урьд нь нийтэлсэн 10 дугаар сарын урьдчилсан мэдээлэлдээ ОУЭХА нефтийн эрэлтийн өсөлт удааширч хоногт 1.2 сая торх болно гэж таамаглаж байсан бөгөөд ирэх жилийн эрэлтийг хоногт 95.7 сая торх байна гэж урьдчилан таамаглаж байв. 2016 онд нефтийн эрэлтийн өсөлт удаашрахыг ОУЭХА-ийн шинжээчид дэлхий даяар эдийн засгийн өсөлтийн хурдац саарсантай холбон тайлбарлаж байна.
Д.Жаргал