ОХУ болон Саудын Аравийн төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ Кремльд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-05 12:57:51
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос Улсад төрийн айлчлал хийж байгаа Саудын Аравийн эзэн хаан Сальман Бен Абдель Азиз Аль Саудтай өнөөдөр Москвад яриа хэлэлцээ хийхдээ хоёр улсын хамтын ажиллагааны цогц асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас ТАСС агентлагт уламжилжээ.  
 
“Мөн хоёр улсын удирдагчид худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл-хүмүүнлэгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын хүчин чармайлтын талаар ярилцахаас гадна олон улсын туламдсан асуудлуудаар санал солилцох юм. Ойрхи Дорнод, Хойд Африкт үүсээд буй нөхцөл байдал, бүс нутагт тогтоод байгаа хурцадмал байдлыг намжаах асуудалд хоёр тал онцгой анхаарал хандуулна” гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээнд тэмдэглэжээ.
 
Өмнө нь ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, эдийн засгийн хэлхээ холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэх улс төрийн хүсэл зориг хоёр талд байгаа аж.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Аравийн эзэн хаантай ОПЕК-ийн гишүүн орнуудтай болон уг нэгдэлд багтдаггүй олборлогч улсуудтай байгуулсан газрын тосны олборлолтыг бууруулах тухай хэлэлцээрийг сунгах талаар хэлэлцэх бодолтой байгаагаа өмнө нь бас илэрхийлж байсан билээ.  
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ