“Чухал яриа” уулзалтад Б.Сайнбаяр уригдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-11-11 11:56:43

МЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Чухал яриа” уулзалт ярилцлага энэ сарын 12-нд Залуус  танхимд болно.

Энэ удаагийн зочноор Франклинкови Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Сайнбаяр оролцохоор боллоо. Б.Сайнбаяр нь Соёмбо группийн УЗ-ийн дарга, “Үндэсний стратегийн хүрээлэн”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл” ТББ-ийн орлогч захирлаар ажиллаж байгаа бөгөөд 2011-2014 онд Монголын тэргүүлэх захирлуудын дуу хоолой болох СЕО клубын ерөнхий зохицуулагч, 2008-2009 онд НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Санхүү ЭЗДС-д багш, 2009-2010 онд Ийгл телевизийн “Brain Capital”нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

“Манлайлах урлаг төв” ТББ, “Жи Эн Жи Эм” ХХК, “Мөрөн Пропертиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2007 оноос хойш “Манлайлах урлаг төв”-ийн тэргүүн, “Мэжик Кисс” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж дэлхийн шилдэг борлуулалттай ном болон монголын сонгомол бүтээлүүдийг эрхлэн гаргаж байгаа Монголын шилдэг залуу боловсон хүчнүүдийн нэг юм. Бизнесийн удирдлагын бакалавр, Хэл шинжлэлийн ухааны магистр тэрээр дэлхийн шилдэг борлуулалттай ном болох АНУ-ын ФранклинКови компанийн “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил”, “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил”, “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” зэрэг номнуудыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг удирдаж ирсэн. Б.Сайнбаяр нь 2008 оноос хойш Монголын топ 100 компаниудад ахисан түвшний менемжентийн сургалтуудыг (Шинэ Арал I, II, III, IV) өөрийн ментор, философийн ухааны доктор Чой Жэй Хүүгийн хамт амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд олон улсад нэр хүндтэй лекторууд болон Сингапур, Гонконг, БНСУ, Япон, АНУ-ын түншүүдтэйгээ хөрөнгө оруулалтын сангийн шугамаар хамтран ажиллаж байна.

Б.Сайнбаяр нь 2014 онд АНУ-ын Харвардын их сургууль дээр мэргэжил дээшлүүлэх курст амжилттай суралцан төгсөж 2015 оноос АНУ-ын Виржинагийн Стрэйр их сургуулийн харьяа Jack Welch Менежмент Институтийн Executive MBA-д суралцаж байна. Тэрээр Форбес сэтгүүлээс зарласан Форбес 30/30 буюу 30 хүртэлх насны шилдэг 30 залуугийн нэгээр 2015 онд шалгарсан ба АНУ-ын ФранклинКови компанийн монгол дахь төлөөлөгчийн газрыг удирдан ажиллаж байна.

Холбоотой мэдээ