Өсвөрийн хөлбөмбөгийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 21:17:57
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн” өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Угтаалцайдам суманд зохион байгуулагдаж, таван сумын найман багийн 50 гаруй тамирчин өрсөлдлөө.
Тус сум энэ жил олон улсын стандартад нийцсэн шинэ хөлбөмбөгийн талбайтай болсон. Энэ шинэ хөлбөгийн талбайдаа аймгийн Хөлбөмбөгийн холбоо, Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн аварга шалгаруулах өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнд таван сумын 11, 13 насны ангилалд тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээний 11 насны ангилалд тэргүүн байрыг Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн баг, дэд байрыг Угтаалцайдам сумын ЕБС-ийн баг хүртсэн бол гуравдугаар байрыг Заамар сумын “Шижир алт” баг хүртлээ. Харин 13 насны ангилалд тэргүүн байрыг Заамар сумын “Шижир алт” баг хүртсэн бол дэд байрыг Лүн сумын ЕБС-ийн баг, удаах байрыг Зуунмод “Хүмүүн цогцолбор” сургуулийн баг тамирчид тус тус эзлэв.

Тэмцээний “Мэргэн бууч”-аар 13 насны ангилалд өрсөлдсөн “Шижир алт” багийн тамирчин Г.Баярсайхан, “Шилдэг хаалгач”-аар 11 насны ангилалд өрсөлдсөн Угтаалцайдам сумын тамирчин Э.Амгалан, “Шилдэг тэгш тоглогч”-оор 11 насны ангилалд тоглосон Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн тамирчин Б.Отгонбаатар нар тус тус шалгарсан юм.

Т.Төмөр
Холбоотой мэдээ