“Элсний фестиваль-2015” наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:50:05

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Байгал орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, “Уран тахилт” ХХК-тай хамтран “Элсний фестиваль-2015” наадмыг анх удаагаа зохион байгууллаа.

Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалын үзэсгэлэнт “Эрээн нуур”-ын жуулчны баазад болсон уг элсний фестивалийн хүрээнд урлаг спортын олон арга хэмжээ болов. "Адуучин" тэмцээнд Говь-Алтай, Завхан аймгийн 4 сумын 44 адуучин оролцож  Баян-Уул сумын адуучин Т.Бямбабаатар түрүүллээ. Элсний гар бөмбөгийн тэмцээнд  эрэгтэй 10 багийн 20, эмэгтэй 7 багийн 14, нийт 34 тамирчин өрсөлдөж эрэгтэйчүүдээс Шарга сумын Ц.Баянбэрх, Д.Ууган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Есөнбулаг сумын тамирчин Д.Сосорбурам, Ч.Ангарагмаа нар тэргүүлэв. Элсний марафонд 21 тамирчин оролцож эрэгтэйчүүдээс Хөхморьт сумын Д.Бямбацогт, эмэгтэйчүүдээс Есөнбулаг сумын Ж.Энхцолмон нар түрүүллээ. Элсний сумо бөхөд 16 тамирчин өрсөлдөж эрэгтэйд Хөхморьтын Г.Батмөнх, эмэгтэйд Жаргалан сумын Н.Отгонжаргал нар нэгдүгээр байр эзлэв. Мөн энэ үеэр морин поло тэмцээн болж, шалгарсан тамирчдад өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагнал гардуулав. Элсний фестивалийн үеэр Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдын соёлын байгууллагууд урлагийн тоглолт цэнгүүн зохион байгуулж, иргэд элсний цана, чаргаар  чөлөөт гулгалт хийж гурван өдөр уг арга хэмжээ үргэлжилсэн байна. Уг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.

                                                                       Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд