Америкчуудын олонхи нь Ираны хотуудад цөмийн цохилт өгөхийг дэмжихээр байгааг судалгаа харуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /ТАСС/. Америкчуудын олонхи нь АНУ-ын зэвсэгт хүчний зүгээс Ираны хотуудад цөмийн цохилт өгөхийг ёс суртхуунгүй үйлдэл хэмээн бодохгүй байгааг 2017 оны наймдугаар сард явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харууллаа гэж Стэнфордын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Скотт Саган Харвардын их сургуульд болсон семинар дээр мэдэгдсэн тухай "Harvard Crimson" сонин мэдээлсэн байна.
"Японы Хирошима болон Нагасаки хотууд дээр хаясан атомын бөмбөгийн аймшигт хор хөнөөл ч Ираны эсрэг цөмийн зэвсэг ашиглахыг зөвшөөрөх гэсэн америкчуудын хандлагад ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг олон нийтийн энэ санал асуулгын дүнгээс харагдаж байна" гэж профессор Скотт Саган тэмдэглэжээ.
Иранд газраар халдан орсон тохиолдолд Америкийн 20 мянган цэрэг амь үрэгдэх эрсдэл байгаа бол Ираны 100 мянган хүн амтай хот дээр цөмийн бөмбөг хаях шийдвэрийг дэмжих л ёстой гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь хариулжээ. 2 сая хүн амтай хотод цөмийн цохилт өгөхийг дэмжих байсан эсэхийг судалгаанд оролцогчдоос тодруулахад бараг 60 хувь нь мөн л зөвшөөрөх байсан гэж мэдэгдсэн байна. Бүр 2 сая хүний үхэл ч америкийн олон нийтийн санааг зовоохгүй гэдгийг энэ хариулт нь харуулжээ.
Иран болон АНУ-ын сөргөлдөөнийг дипломат арга замаар дуусгах уу, цөмийн цохилтоор шийдэх үү гэсэн сонголт өгөхөд судалгаанд оролцогчдын 40 хувь нь дипломат арга замаар зогсоохыг хүссэн бол бас л 40 хувь нь цөмийн бөмбөг хаясан нь дээр хэмээн үзсэн байна.
Э.Аянзаяа