“Хэрлэн голын хүүхдүүд” бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-10 15:45:46
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн БСУГ-аас “Хэрлэн голын хүүхдүүд” бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Бүтээлч ажлын хүрээнд гар зургийн уралдаан, байгаль орчны талаарх сургалт, практик ажлууд, голын эрэг дагуу уриалга байрлуулах зэрэг ажлуудыг хийсэн юм.

Хэрлэн голын хөвөөнд болсон арга хэмжээнд арван сургуулийн 100 гаруй хүүхэд, “Эко клуб”-ын 10 гаруй багш, дунд ангийн анги удирдсан 40 гаруй багш оролцлоо. Тэд Хэрлэн голын ойр орчмыг цэвэрлэж, эрэг дагуу байгаль орчны холбогдолтой хууль тогтоомж, хог хаягдлын холбогдолтой хууль тогтоомж болон байгаль хамгаалах ёс уламжлалыг сурталчилсан агуулга бүхий уриалга самбар байрлуулсан.

Мөн Хэрлэн голын сав газрын захиргаа болон Байгаль орчны газар, Ус цаг уурын шинжилгээний төвтэй хамтран гол усаа хайрлах талаар сургалт зохион байгуулж, голын усны чанарын судалгааны хялбаршуулсан арга техниктэй танилцах практик ажил зэргийг хийсэн байна. 

Дашрамд дурдахад, Дорнод аймгийн гадаргын усны 2017 оны 9 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд Хэрлэн голын зарим хэсэгт төмөр байх ёстой хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан байна. 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ