Харганатын төмрийн хүдрийн ордны үйл ажиллагаа түр зогсоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-11 22:16:46
 Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын нутагт орших Харганатын төмрийн хүдрийн ордны үйл ажиллагаа тээвэрлэлтийн асуудлаас болж түр зогсоод байна. Том оврын автомашинууд 44 тн-оос хэтрүүлэхгүйгээр хүдэр тээвэрлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг аймаг орон нутгаас тавьж байна. Учир нь хүнд даацын тэрэгнүүд газрын хөрсийг доройтуулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тул нэн тэргүүнд автозамын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд хүдэр тээвэрлэх ажилд Увс аймгийн “Алдар тулга”, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компаниуд, Ховд аймгийн тээврийн жолооч нар хамрагдаж байжээ.
Харганатын төмрийн хүдрийн орд нь ашиглалтын 112 га талбайг хамарсан 15 сая тоннын нөөцтэй аж. Ашиглалтын лиценз эзэмшигч “ЭЙ ЭЛ ЖИ ТИ” ХХК нь 2007 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд 2008 онд олборлолтын ажлаа эхлүүлэн 27000 тн хүдэр бэлтгэж нөөцөлсөн байна. 2017 онд Наранбулаг сумын Засаг даргатай гэрээ байгуулан 8000 тонныг нь Шинжаан Уйгарын баяжуулах үйлдвэрт нийлүүлснээр 60 гаруй хувийн өндөр агууламж бүхий Хятадын талын шаардлагад нийцсэн төмрийн хүдэр гэсэн хариуг авч цаашид хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байна.
Гэвч тээвэрлэлтийн асуудлаас болон ийнхүү үйл ажиллагаа нь түр зогсоод байна. Тус компанийн зүгээс одоогоор Хятадын үйлдвэртэй гэрээгээ шинэчлэн хийж, шаардлагад нийцсэн том оврын автомашинаар хүдэр тээвэрлэхээр бэлтгэл ажлаа ханган, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тодорхой тооны баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах үүрэг хүлээн ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ