Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, судлахад олон нийтийн анхаарлыг хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-12 12:30:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ХНХЯ-ны 10 дугаар давхарын хурлын танхимд болж байна.

Энэхүү хуралд салбар бүрийн нийт 42 эрдэмтэн, судлаач, оюутан залуус илтгэл, судалгааны ажлаа ирүүлсэн юм. Тэднээс шилдэг 8 өгүүллийг шалгаруулж, 1, 2, 3 дугаар байр болон тусгай байрыг тодруулсан.

Хөгжлийн бэрхшээл судлалын үндсэн үйл ажиллагаан  нь эрдэм судлал, уран бүтээл, хүн амын улс төр, нийгмийн идэвхээр дамжуулан соёлын бүх хүрээ, түүхийн үе шатуудад хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг тодруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас олсон туршлага, мэдлэг, чадварыг дэмжих, нийгмийн өөрчлөлтөөс тэднийг хамгаалахад чиглэдэг.  



Мөн ХБИ нийгмийн нэг гишүүн байж, бусдын адил сурч, ажиллаж, амьдрах бүрэн эрхтэйг нийгэмд ойлгуулж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нийгмийн бүхий л давхаргад бий болгох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах цогц үйлчилгээг судалгаа, шинжилгээнд тулгуурлан үзүүлэх нь чухал шардлагатай байгаа юм.

Тиймээс ч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох зорилгоор уг сэдвээр өгүүллийн сонгон шалгаруулалтыг улс орны хэмжээнд зохион байгуулж шилдэг өгүүллийг шалгаруулсан байна. Улмаар уг сэдвийг хөндсөн бүх өгүүллийг эмхэтгэн ном болгон хэвлүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, нийгэм, хамт олны хандлагыг эерэгээр өөрчлөх, тус салбарт олны анхаарлыг хандуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ