“Плэйтайм”-д 250 хамтлаг, дуучин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 15:13:05

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллагатай хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг ирэх долдугаар сарын 4-7-нд  Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна.


Тус наадмыг зохион байгуулагчид энэ жил 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. “Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулах юм. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид оролцох бөгөөд 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, дуучин бүтээлээ хүргэх юм.


“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг уг наадам ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалдаг. Энэ хүрээнд наадам болох талбайд мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмжээ. Плэйтайм нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль юм.


Энэ хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөр, хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, стэнд-ап комедиа, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулах үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын дөрвөн өдрийн турш зохион байгуулна.

Холбоотой мэдээ