С.Дорж: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг чухалчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-02 14:40:52

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Доржтой уулзаж,  эрүүл мэндийн салбарын зарим онцлох ажлын талаар ярилцлаа.

-"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд Ховд аймаг ямар ажил хийж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг бол “Эрүүл монгол хүн”.

Энэ хүрээнд Ховд аймаг “Эрүүл иргэн” төсөл, үйл ажиллагааг аймгийн ИТХ-аар батлуулж, үе шаттай хэрэгжүүлж байна. 

Бид өнгөрсөн онд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог эрчимжүүлж, эмчилгээний шинэ технологийг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг чухалчилсан.

Мөн эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг орон нутагтаа оношилж, эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зорилго бүхий “Эрүүл эр хүн” хөтөлбөр болон “Эх, хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарав?
-Олон ажилд ахиц гарч байгаа. “Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг хийж, улсын клиникийн төв эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцсон. 

Сум, байгууллагуудад эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх чиглэл өгсөн ба өнөөдрийн байдлаар 46582 хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдлаа. Бид хүн амын 51.5 хувийг үзлэгт хамруулсан нь одоо улсын дунджаас 11.1 хувиар дээгүүр эрэмбэлэгдэж, улсдаа тэргүүлж явна.  

Мөн хөтөлбөрт тусгасны дагуу эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 2020-2023 онд яаралтай тусламжийн 30 машин, багийн эмч нарт 50 мотоцикл олгосон.  Есөн эмнэлгийн шинэ болон өргөтгөлийн барилга барьж, долоон эмнэлгийн барилгын засварын ажлыг гүйцэтгэлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих төв, Сувилахуйн хөгжлийн төв, Нярайн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь цогц оношлох Скрининг оношилгооны төв зэргийг байгуулснаар хэвийн ажиллаж байна.

Мөн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын дэмжлэгээр эрүүл мэндийн байгууллагуудад 76 хүчилтөрөгч өтгөрүүлэгч олгож, сум, өрхийн эрүүл мэндийн төвийг хүчилтөрөгчийн зөөврийн баллон, компьютер, вакцины хөргөгч зэрэг тоног төхөөрөмжөөр хангасан.    

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж өргөжсөн гэж хэлж болно.

Харин “Эрүүл эр хүн” хөтөлбөрийн хүрээнд түрүү булчирхай, давсаг, бөөр, шээсний замын эмгэг, төмсөг, дайврын үрэвсэл, давсгийн салстын хавдар, бөөрний стент гуурс тавих ажилбар, мэс заслыг орон нутагтаа хийхэд ашиглах 86.0 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн. Ингэснээр сүүлийн гурван жилийн хугацаанд 286 иргэн энэ чиглэлээр үйлчлүүлж, нийслэл рүү явах зардал, цаг хугацаагаа хэмнэсэн.  

Мөн орон нутагтаа андрологийн эмч, сувилагч, эр бэлгийн эс судлах лаборантыг сургаж, хүний нөөцийг бэлтгэлээ. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн  үзлэгийг  тогтмолжуулах,  зөвлөмж мэдээлэл түгээхэд чиглэсэн “Андрологийн кабинет” байгуулж,  ”Эрүүл эр хүн" цахим хуудсыг тогтмол хөгжүүлж байна.  

“Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн тухайд мэргэжлийн эмч нарын оролцоотой судалгааны таван ажил хийсэн. Улмаар эх, хүүхдийн өвчлөлийн шалтгааныг тодруулж, эмгэг болон ургийн гажиг оношлох хүчин чадал бүхий шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан юм. Үүнээс гадна нярай болон хүүхдийн эрчимт эмчилгээний өрөөг шинээр нээж, нярайг төрөлхийн ба удамшлын эмгэгтэй эсэхийг илрүүлэх, эмчилж, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхэд анхаарч байна.  Мөн сумын эрүүл мэндийн төвийг эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн мэргэжлийн эмчээр ханган ажиллахыг бодлогоор дэмжлээ. Эдгээр ажлын үр дүнд  эх, хүүхдийн эндэгдэл сүүлийн гурван жилд буурсан үзүүлэлттэй байна.     

-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
-Иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус,  өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлийг бууруулах нь чухал.

Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхтэй холбоотой. Иргэд эрүүл зан үйл, дадлыг эзэмшиж, эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн байнга хийж хэвшвэл аливаа өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой болов уу гэж харж байна.

Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэндийнхээ төлөө маш сайн анхаардаг болсон. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагддаг ерөнхий хэвшил бий болж байна.

Өглөө, оройн цагаар гэр бүл, найз нөхөд, хамт олноороо алхах, гүйх, дасгал хийх тохиолдол бас нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм.

Мөн орон нутагт заал, бялдаржуулах төв, спорт клубүүд үйл ажиллагаа явуулж, эрүүл зөв хооллолтын соёлыг түгээгчид бий болж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг сар, улирал бүр үе шаттай зохион байгуулдаг. 

-Сум, өрх, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг дэмжих чиглэлд ямар ажил хэрэгжсэн бэ?
-Энэ чиглэлээр бид 2020-2024 онд “Чадварлаг эмч, мэргэжилтэн” төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Үүний зорилго нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих, урамшуулах, ур чадвартай, зөв хандлагатай, эрэлт хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэх юм.

Өнгөрсөн онд эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй эмч, мэргэжилтэн төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Лавлагаа шатлалын эмнэлгээс таван төрлөөр 21 эмч, мэргэжилтнийг урьж, ажлын байран дээр нь дадлагажуулж, шинэ технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллалаа. Эмч нарын 90 орчим хувь нь олон улсын эмнэл зүйн UpDate программ ашиглаж байна.

Баруун бүсийн эмч, мэргэжилтнүүдийн онол практикийн ээлжит хурлыг зохион байгууллаа. Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Тархины харвалтын үеийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт баруун бүсийн мэдрэлийн эмч, мэргэжилтний анхдугаар зөвлөгөөн хийсэн зэрэг олон ажлыг нэрлэж болохоор байна. 

Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь гадаадын 10 улс болон орон нутгийн лавлагаа төвүүдтэй байнгын холбоо тогтоож, үйл ажиллагааны нэгдмэл байдалтай ажиллаж байгаа.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх тухайд...?
-Ховд аймаг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр өнгөрсөн онд орон нутгийн төсвийн дэмжлэгээр эрүүл мэндийн дэд хөтөлбөр, төсөл, үйл ажиллагаанд 112.5 сая төгрөг зарцуулсан. Шинээр өрхийн эмнэлэг барих, тоног төхөөрөмж олгох, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн томограф аппаратын  засвар үйлчилгээ хийхэд 732.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон юм.

Мөн сумын эрүүл мэндийн төвүүдийн засвар үйлчилгээ, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөгжлийн сангаас 854.7 сая төгрөг шийдвэрлэж, эрүүл мэндийн салбарт нийт 1687.1 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, үйл ажиллагааг нь дэмжлээ.  

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган сумын Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, сумын эрүүл мэндийн төвүүдэд 899.5 сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хуваарилан олгосон нь иргэдэд үзүүлэх төрөлжсөн болон анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ихээхэн үр дүнгээ өглөө.

Үүнээс гадна өнгөрсөн онд улсын төсвийн 71.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгааны нөөц үүсгүүр авч, 10 суманд нийлүүлсэн. Ингэснээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахилгааны нөөц эх үүсвэрийн бэлэн байдлын хангалт нэмэгдэж, эм, вакцины хадгалалтын хэвийн горим алдагдахгүй байх боломж бүрдсэн юм.

-Алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд хэрхэн үйлчилдэг вэ?
-Алслагдсан бүс нутагт отор нүүдлээр яваа малчин өрхөд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог газар дээр нь хийх зориулалт бүхий мобайл технологийг 2023 онд Дөргөн, Мянгад, Дарви, Мөнххайрхан, Манхан, Эрдэнэбүрэн, Зэрэг суманд олгосон. Ингээд Ховд аймгийн хэмжээнд нийт 10 сум эрүүл мэндийн цогц  үзлэг  оношилгоог малчны гэрт нь очиж үзүүлэх боломжтой боллоо.

Тус мобайл технологиор өнгөрсөн онд алслагдсан бүс, тэр дундаа гаднын аймгийн 36 өрхийн 108 иргэн, өөрийн харьяаллын 592 өрхийн 1298 иргэнд  үзлэг  оношилгоо хийсэн ба хоёрдогч шатны эмнэлэгт 58, анхан шатны эмнэлэгт 76 хүнийг хяналтад авч, онош тодруулан эмчилсэн.     

-Бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хэрхэн анхаарч байгаа вэ?. Энэ хүрээнд цаашид ямар ажил хийх вэ?
-Судалгаагаар өнгөрсөн онд мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан хүүхдийн 92.4 хувь нь шүд цоорох эмгэгтэй байсан. Харин 59.4 хувь нь шүдээ дутуу угаадаг, 69.9 хувь нь амны хөндийн ариун цэвэр хангалтгүй гэж оношлогдсон. 

Мөн улсын хэмжээнд зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан 17 хүртэлх насны хүүхдийн 86.4 хувь нь шүдний цооролтой гарсан байна.

Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын нэг бол шүдний өвчлөл гэдгийг харуулж байна.

Тиймээс энэ жил бид бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллана. 2024 онд аймаг, сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд "сумынхаа иргэдийн шүдийг эрүүлжүүлсэн тоо, хувь" гэх үзүүлэлт оруулж өгсөн.

Өөрөөр хэлбэл  иргэдийн амны хөндий, ялангуяа шүдийг эрүүлжүүлэх чиглэлд хийсэн ажлыг жилийн эцэст үнэлнэ гэсэн үг.  

Мөн Ховд аймаг 2024 оныг "Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшил төлөвшүүлэх, өвчлөлийг бууруулах арга замыг тодорхойлж, эмчлэн эрүүлжүүлэх “Эрүүл шүд” үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдэж, ажлын баг томиллоо.

“Эрүүл шүд 2024-2027” үйл ажиллагааны төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцэж, холбогдох байгууллагын санал, зөвлөмжийг тусган батлуулах чиглэлийг одоогоор Эрүүл мэндийн газарт өгсөн байгаа. 

Үүнээс гадна сумдад шүдний кабинет байгуулах ажлыг дэмжиж байна. Одоогоор Булган, Үенч, Мөнххайрхан, Зэрэг сум шүдний мэргэжлийн эмчтэй болж, кабинет байгуулсан. Цаашид аймаг, сум орон нутгийн дэмжлэгээр  Дарви, Мөст суманд шүдний кабинет байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь чухал гэж бодож байна.

-Эрүүл мэндийн салбарын зарим тулгамдсан асуудлаас дурдвал?
-Тус салбарынхан одоо тодорхой үр дүнд хүрч буй онцлог ажлаа тогтвортой түвшинд хадгалах, тусламж үйлчилгээний чанарт илүү анхаарах нь чухал гэж бодож байна.

Мөн анхан шатны нэгжид ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, тэр дундаа багийн эмч, сумын эрүүл мэндийн төвийн бага эмч дутагдалтай байгаа. Иймээс эмч нарын залгамж халааг бэлтгэх, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахад анхаарах нь зүйтэй юм.

Манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэлд суурилсан санхүүжилт авч байгаа тул хэн сайн ажил хийнэ, үйл ажиллагаагаа хэн чадварлагаар зөв зохион байгуулна тэр хүн л иргэдэд хүрч, иргэд тэр байгууллагыг сонгож үйлчлүүлнэ шүү дээ. Иймээс байгууллагуудад чадварлаг менежмент хэрэгтэй гэж бодож байна.

Нуугаад яах вэ, аливаа юм хэмжээ хязгаартай байдаг, бас хэт их санхүүжилтийн хойноос явж иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхээс холдох вий гэж сэтгэл хааяа зовнидог. Тиймээс эмчилгээний чанарыг ямагт эрхэмлэх нь чухал.

Мөн иргэдэд чиглэсэн шинэ үйлчилгээ, техник, технологийг орон нутагтаа хөгжүүлэх, нутагшуулах нь маш чухал. Тухайлбал, манайх одоо дурангийн болон судасны эмчилгээ оношилгоог аймагтай нутагшуулж чадаж байна.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг хир сайжруулна эрүүл мэндийн үйлчилгээ түүнийг дагаад сайжирна гэж боддог. Ялангуяа өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг л иргэдэд ойлгуулах нь чухал юм.      

Эрүүл мэндийн салбар өөрөө маш хурдацтай хөгжиж байна. Энэ утгаараа хүнийг ч, эмчийг ч хөгжүүлэх нь нэн тэргүүнд тавигдах ёстой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

Холбоотой мэдээ