ДАРХАН-УУЛ: Арслан зааны соёо, үлэг гүрвэлийн өндөг нь музейн үзмэрүүдийн хамгийн эртний цаг тоололд хамаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-02 15:14:21

Дархан, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн музей 999 дэсийн 1408 үзмэртэй. Үүнээс он, цаг дарааллын хамгийн эхэнд бичигдэх үзмэр нь байгалийн танхимд байрлах үлэг гүрвэлийн өндөг, арслан зааны соёо, хирсийн толгой, чулуужсан мод юм.




Шарын голын нүүрсний уурхайн эхлэл тавигдаж хөрс хуулалт хийгдэх үед арслан зааны соёо бүхий арав орчим олдвор гарчээ. Уг палеонтологийн олдворуудыг ЗХУ-ын болон Монголын мэргэжилтнүүд тухайн үед газар дээр нь ажиллаж ШУА-ийн археологийн хүрээлэнд хүргэж судалгаа хийсэн аж.




Он цагийн тухайд найман зуун мянган жилээс эхлээд 7-8 сая жилийн өмнө амьдарч байсан амьтдыг гэрчлэх олдворууд аймгийн төв музейд хадгалагдаж байна.




Арслан зааны соёо нь Шарын гол сумын нүүрсний уурхай орчмоос 1991 онд олдсон бөгөөд 93 см урт ажээ. Дөчин сая жилийн өмнө хойд Африкт, улмаар Ази, Европт 14 сая жилийн өмнө очиж амьдарч байгаад 10000 жилийн өмнө устаж үгүй болжээ.




Үлэг гүрвэлийн өндгийг аймгийн музейд иргэн Ж.Түвшинтөгс 2009 онд хүлээлгэн өгчээ. Уг өндөг нь Түрүү Цэрдийн хожуу үе буюу одоогоос зуу орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн өндөг байна. 




Зарим судлаач уг өндгийг аварга өвсөн идэшт үлэг гүрвэл Завроподынх гэж үздэг ажээ. Ийм төрлийн өндөг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг Улаан цав хэмээх газар болон БНХАУ-ын нутгаас олддог аж.




Ташрамд, 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монгол, Зөвлөлтийн найрамдал, ах дүү социалист орнуудын тухайн цаг үеийг харуулсан дөрвөн танхимтай “Найрамдал” музейг гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр олон нийтэд анх удаа үзүүлж албан ёсоор нээлтээ хийж байжээ.


Холбоотой мэдээ