Ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш үргэлжлэн хуралдаж, 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Хуралдаанаар Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Энэ үеэр төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн асуудал, Гамшиг судлалын хүрээлэнг ОБЕГ-тай нэгтгэх эсэх, Завхан аймгийн Их-Уул суманд баригдах сургуулийн барилгатай холбоотой асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу чуулганы хуралдаан түр завсарлаж, Төсвийн байнгын хороо хуралдлаа.
Байнгын хороо УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу асуудлыг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, дэмжигдсэн саналуудыг нэгтгэсэн юм. Төсвийн байнгын хорооны дараа чуулганы нэгдсэн хуралдаан дахин үргэлжилж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан "Нэг эмнэлэг-хоёр жигүүр" төслийг 2016 онд хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих орлого, зардлыг 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Эрүүл мэндийн сайдын багцад тусгах саналыг дэмжсэн юм. Ингэснээр шинээр барьж буй төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга эмнэлгийн зориулалтаар ашиглагдах хэвээр үлдэж, улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн нэг жигүүр болох юм байна.
Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газарт нэгтгэхгүй байх, үүнтэй холбогдуулан 150.4 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэх, Завхан аймгийн Их-Уул суманд баригдах 640 хүүхдийн сургуулийн барилгыг барихад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн 1.5 тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт тусгах санал олонхийн дэмжлэг авлаа.
Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.