Оны эцэс гэхэд аймгийн нийт өрхийн тал нь угийн бичгээ хөтөлсөн байна гэж тооцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-13 11:15:33
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд улирагч зургадугаар сараас эхэлсэн "Угийн бичгээ хөтөлье" аян ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилж, дүнгээ гаргана.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийтийн номын сан хамтран явуулж буй тус аянд аймгийн нийт ард иргэд, төрийн албан хаагчид оролцох юм. Аяныг санаачлан хэрэгжүүлэгчдийн тооцооллоор энэ он дуусахад Баянхонгор аймгийн хэмжээнд нийт өрхийн талаас багагүй хувь нь угийн бичиг хөтөлсөн байхаар бодож төлөвлөжээ.
Аяныг эхлүүлэхдээ "Угийн бичгийг хэрхэн хөтлөх вэ" сургалтын сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд тухайн багш нар байгууллага бүр дээр, багийн төвдөө иргэдэд сургалт явуулсан байна. 
Аяны хүрээнд албан байгууллагууд болон ард иргэдийн Угийн бичиг хөтөлсөн тайланг энэ сарын 20-25-нд нэгтгэж, шалгарсануудыг нь Нийтийн номын санд хүргүүлэх аж. Ийнхүү ажлын хэсгийн сүүлийн шатны шалгаруулалт хийж, Шилдэг Угийн бичигтэн хувь хүн тав, шилдэг байгууллага нэг, шилдэг баг нэгийг тус тус шалгаруулж, урамшуулах юм байна.
                                                                                                                                                    Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ