C вирусийн эсрэг эмэнд 438.1 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-14 12:26:58
Хэнтий /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээний зардлын төлбөрийг 2017 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төсөвт тусгасан. Хэнтий аймагт Эрүүл мэндийн даатгалын сангаас хуваарилагдсан төсөв болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын талаар тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ЭМНДХ/-ийн ЭМД-ын тасгийн дарга, хяналтын улсын байцаагч Г.Энх-Амгалангаас тодруулсан мэдээллийг хүргэж байна.
 
Монгол Улсын “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд элэгний С вирусийн эмийг хайрцаг тутмаас нь 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ дагуу  элэгний С вирусийн эсрэг эмийн төсөв ЭМД-ын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвөөс тусдаа 438.1 сая төгрөг хуваарилагдан иржээ. Үүнээс одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 308 иргэнд 64 сая 680 мянган төгрөгийн С вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлээд байна. Үлдсэнийг нь он дуусталх хугацаанд зарцуулах аж.

Мөн элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээний зардалд 34,9 сая, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношлогоо шинжилгээний зардалд 172,6 сая төгрөгийг төсөвлөжээ. Энэхүү төсөв нь нийт иргэдийг хавдар, үе мөч, дотрын өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлогоо шинжилгээнд хамруулах зорилготой гэнэ. Даатгуулагч иргэн 10 дугаар 1-нээс хийгдэж эхлээд буй уг оношлогоо шинжилгээнд дээрх гурван төрлийн өвчний багцаас сонгон үйлчлүүлэх боломжтой юм байна.

Хэнтий  аймгийн ЭМНДХ нь эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн улсын 5 эмнэлэг, 4 сувилал, 27 эмийн сантай даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээний төлбөрт зарцуулахаар 4 тэрбум 743.1 сая төгрөгийн гэрээг байгуулан ажиллаж байна. Үүнээс давхардсан тоогоор 70053 даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 4 тэрбум 400.2 сая төгрөгийг зарцуулжээ.
 
Эмийн үнийн хөнгөлөлтийн ихэнх төсөв аймгийн төвийн 6 эмийн санд хуваарилагдсан
 
2017 онд Хэнтий хэмжээний 27 эмийн санд 520 сая төгрөгийг эмийн үнийн хөнгөлөлтөд хуваарилснаас 312 сая төгрөгийн төсөв нь аймгийн төвийн 6 эмийн санд хуваарилагдсан байна.

Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд эмийн үнийн хөнгөлөлтөд нийт 23124 даатгуулагчийн 357.4 сая төгрөг зарцуулсан байгаагаас аймгийн төвийн 6 эмийн санд 14751 даатгуулагчийн 257.8 сая төгрөгийг олгоод байна.

Эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхдээ жилийн нийт төсвөө сар сардаа хуваарилан сарын төсвийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тухайн сардаа зарцуулдаг журамтай. Иймээс сарын хуваарьтай  мөнгө дууссан бол  эмийн сан  тухайн сардаа хөнгөлөлтөө зогсоохоос өөр аргагүй байдаг аж. Одоогоор аймгийн төвд Бумбат, Эмийн увидас, Монос-Улаанбаатар, Эм-Эрдэнэ эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр хэвийн үйлчилж байна.

ЭМД-ын сангаас 20 бүлгийн 184 төрлийн 817 худалдааны нэршлийн эмийн үнэнд 40-80 хувийн эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж, 16 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлдэг байна. Иргэд хөнгөлөлттэй авдаг эмнээс даралтын эмийг ихээр авч, хөнгөлүүлдэг ажээ.
 
Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалаа жил бүр заавал төлөх ёстой
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалаа жил бүр заавал төлөх ёстой бөгөөд төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 20 дугаар зүйлийн дагуу төлөөгүй хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг.

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах төрөл зүйл олон болж, даатгалын сангаас төлөгдөх мөнгөн дүн ч жил бүр нэмэгдэж, даатгуулагч иргэдийнхээ эрүүл мэндээс шалтгаалан үүссэн эрсдлийг хуваалцдаг байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалд 57600 төгрөгийн шимтгэл төлж даатгуулснаар жилдээ 2 сая төгрөгийн хөнгөлөлт авах эрх үүсдэг. Хэнтий аймагт энэ жил ажилгүй, малчин, оюутан суралцагч 11625 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулахаас 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 7200 хүнийг хамруулан, 370 сая төгрөгийн шимтгэл цугларчээ. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ