Өвс, тэжээл бэлтгэх даалгавраа ихэнх сум биелүүлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-16 09:17:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ жил гантай байсны улмаас ихэнх сумд өвс хадлан, тэжээл бэлтгэх үүргээ биелүүлж чадаагүй байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу сум бүр 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх даалгавар хүлээсэн ч биелэлт нь тааруухан байна.
Аймгийн нийт 18 сумын дүнгээр өнөөдрийн байдлаар өвсний 56 хувь, тэжээлийн 30.6 хувийг л бэлтгээд байгаа ажээ. Дэлгэр, Тайшир, Тонхил, Шарга, Эрдэнэ сумд өвс бэлтгэх даалгавраа 100 хувь биелүүлсэн байхад Дарив, Халиун сумд 5-8 тн өвс бэлтгэсэн, Бугат сум нэг ч тонн өвс аваагүй байна. Тэжээлийн тухайд ганцхан Хөхморьт сум 30 тн тэжээлээ бэлтгэсэн бол Бугат, Жаргалан, Шарга сумд огт тэжээл бэлтгээгүй байна. Одоо тус аймгийн нийт сумдад 395.8 тн өвс, 374.5 тн тэжээл шаардлагатай байгаа гэнэ.
Харин аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс бэлтгэхээс 209 тн, 50 тн тэжээл бэлтгэхээс 85.5 тн-ыг бэлтгэн нөөцлөөд байна.

                                                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ