“Нэг сум-нэг бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-17 18:19:27
Yesukheitumur Tumurbaatar
Төв  /МОНЦАМЭ/. Гурван өдрийн турш зохион байгуулагдах “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д өнөөдөр нээлтээ хийв. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 200 гаруй аж ахуйн нэгж, иргэд 90 орчим төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдаалах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Өнгөрсөн жил болсон үзэсгэлэн худалдаагаар 130 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Үзэсгэлэн худалдаанд шинэхэн мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, айраг, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ, утсан загас, лаазалсан бүтээгдэхүүн, гоёлын болон дулаан хувцас, гар урлалын болон эсгий эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.

Мөн энэ үеэр 27 сум хоорондоо гэрээ байгуулсан юм. Ингэхдээ газар зүйн байршлаасаа шалтгаалан тал хээрийн бүсийн сум, ойн бүсийн сумтай гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан сумдууд өөр хоорондоо өөрсдийн сумын бүтээгдэхүүнийг харилцан борлуулах юм.
Т.Төмөр
Холбоотой мэдээ