Дорнод аймгийн тэргүүн дээд шагналын эзнийг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 14:53:12
Дорнод /МОНЦАМЭ/ Энэ онд Дорнод аймгийн тэргүүн дээд шагнал “Бүтээлийн ундарга”-ийн эзнийг тодруулах гэж байна. Дорнод аймгаас төрсөн суут хүмүүний нэг, XIX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн, их бүтээлч, эдийн засгийн шинэтгэгч Б.Тогтохтөрийн дүр бүхий “Бүтээлийн ундарга” хүндэт тэмдгийг хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан хүмүүст олгодог.
Дээрх шагналыг аймгийн ИТХ-ын 2007 оны 62 дугаар тогтоолоор олгох болсноос хойш эх нутгийнхаа хөгжил цэцэглэлд үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулсан гурван эрхэм шагнуулаад байгаа юм.

Нэр дэвшүүлэх ажиллагаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 46 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу энэ сарын 23-ныг дуустал явагдах аж. Ажлын хэсэг нэр дэвшигчдээс тодруулсан нэрсээ аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд өргөн мэдүүлнэ. Уг саналыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шалгаруулж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах юм. Ийнхүү “Бүтээлийн ундарга” тэргүүн шагналыг Улс тунхагласны баярын өдөр гардуулаар болжээ.
Тус шагналд Дорнод аймгийн бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймгийн хөгжлийн төлөө бүтээлч санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлан ажилласан, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөр манлайлан үлгэр жишээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, бизнесменүүд нэр дэвших юм.

 Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ