“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-24 09:48:50
Ховд/МОНЦАМЭ/Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгууллаа.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага багатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.
Загвар төвийн зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой. Гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн Загвар төвөөс чиглүүлэг өгч, аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс тэднийг дэмжиж ажиллах юм.
Энэхүү үйл ажиллагааг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Тус төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд төслөөс нийт 25 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байгаа ажээ.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ