Саудын Арави 500 тэрбум ам.доллароор мега хот байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-25 11:18:11
ЭР-РИЯД. /АП/. Саудын Арави улс 500 тэрбум ам.доллароор шинэ хот, бизнесийн бүс байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Саудын Аравийн угсаа залгамжлах хун тайж Мохаммед бин Салман мягмар гарагт нийслэл Эр-Рияд хотноо болсон олон улсын бизнес эрхлэгчдийн бага хурлын үеэр энэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Угсаа залгамжлах хун тайж Мохаммед  бин Салман нь улсынхаа баруун хойд нутагт, Иордан болон Египетийн хил орчимд 26500 кв.км талбайд хүнсний технологи, эрчим хүч ба ус зэрэг есөн салбарыг цогцоор нь хөгжүүлсэн “NEOM” хэмээх шинэ хот байгуулахыг зорьж байгаа аж. Тэрбээр Саудын Арави улсыг газрын тосны орлогоос хараат байдлаас салгахаар ихээхэн хүчин чармайлт гаргасаар байгаа юм

Улаан тэнгисийн 50 орчим арал, газрыг аялал жуулчлалын томоохон бүс болгон хөгжүүлэх төслийг тэрбээр өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн билээ.

“Сауди Арамко” хэмээх газрын тосны томоохон ордынхоо хувьцааны 5 хувийг худалдсанаар “NEOM” хэмээх шинэ хотыг барих 500 тэрбум ам.долларын 300 тэрбум ам.долларыг нь босгохоор төлөвлөж байгаа аж. Үлдсэн мөнгийг нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөжээ.

"2030 он гэхэд энэ шинэ хот Саудын Аравийн ДНБ-д багаар бодоход 100 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулна. Мөн энэ хотын ачаар Саудын Арави нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг болно" гэж хун тайж мэдэгдсэн байна. Ази, Африк болон Европыг холбосон стратегийн чухал цэгт байгуулах учир энэ хотод дэлхийн хүн амын 70 хувь нь наймхан цагийн дотор хүрэх боломжтой гэж Саудын Аравийн холбогдох албаны хүмүүс мөн тооцоолжээ.


 
Саудын Аравийн энэ төлөвлөгөөтэй холбоотойгоор Египет болон Иордан одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ