Цэцэрлэгийн дүүжин тааз унаснаас дөрвөн хүүхэд гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-25 15:47:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдөр Өлгий сумын нэгдүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн дүүжин тааз нурж унаснаас хүүхэд гэмтсэн тохиолдол гарчээ.

Уг үйл явдал өглөөний 10 цаг 30 минутын орчимд хүүхдүүд хичээл хийж байх үед болсон байна. Тухайн өдөр ангид 30 хүүхэд байснаас дөрөв нь гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Мөн багш Т.Майрашхан нь толгой болон хөлөндөө хүндэвтэр гэмтэл авсан байна. Яаралтай тусламжийн тасгийн эмчийн мэдээлснээр нэг хүүхдийн тархинд цус хурж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Үлдсэн гурван хүүхдийн гэмтэл хөнгөн учир холбогдох арга хэмжээг авч эмнэлгээс гаргажээ.

Хотын төвд байрладаг нэгдүгээр цэцэрлэгийн байр 1959 онд баригдсан модон барилга юм. 2014 онд таазны шавар унасан тохиолдол гарч байсан бөгөөд хичээлийн бус цагт таарсан тул хүүхэд гэмтээгүй аж. Тухайн үед орон нутгаас 17 сая төгрөг шийдвэрлэж, таазыг зассан юм байна. 

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар модон байшингийн ашиглалтын хугацаа 25 жил байдаг аж. Харин 57-58 жил болсон тус цэцэрлэгийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэж үзэж, улсын байцаагчийн актаар өчигдрөөс бүр мөсөн хаажээ.

Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгт 186 хүүхэд хүмүүждэг юм. Цэцэрлэгийн эрхлэгч Е.Баршагүлийн тайлбарласнаар шинэ барилга баригдах хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах асуудлыг судалж байгаа ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ