Бизнесийн төлөөлөгчид Жинан хотоор аялаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-28 20:42:11
Увс /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн М.Түвшинбаяраар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй төр, бизнесийн төлөөлөгчид энэ сарын 18-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Шаньдун мужийн Жинан хотноо бизнес аялалд хамрагдлаа.
Тус аялалд Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Нитэнт” ХХК-ийн захирал А.Хилэнбаатар, аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул, “Увс хүнс” ХК-ийн ерөнхий захирал Л.Мөнхнаран, “Дөрвөн булаг” ХХК-ийн захирал Б.Гомбо нар багтжээ. Монголын төлөөлөгчид Жинан хотын 30 гаруй компанийн төлөөллүүдтэй бизнес уулзалт хийж эдийн засаг, худалдаа, барилга, хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон байна. Үүнд Увс аймгийг төлөөлж ИТХ-ын тэргүүлэгч А.Хилэнбаатар, “Увс Хүнс” ХК-ийн ерөнхий захирал Л.Мөнхнаран нар танилцуулга хийж, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал тавьжээ.
Мөн Монголын төлөөлөгчид Жинан хотын ойролцоо байрлах ноос угаах үйлдвэртэй танилцаж, үйлдвэрийн бүс хотуудаар мөн аялсан байна. Тухайлбал, гутлын үйлдвэр, зулхайн үйлдвэр, газар тариалангийн бүс, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судалжээ. Аяллын багийнхныг Жинан хотын гадаад харилцаа, хилийн чанадын асуудал хариуцсан газрын орлогч дарга Жан Зипин хүлээн авч уулзсан байна. Тэрбээр 2018 онд тус хотод зохиогдох рашаан, булаг шандын олон улсын наадамд Увс аймгаас төлөөлөгчдийг урьж оролцуулахаа мэдэгджээ. Мөн Увс аймаг ба Жинан хотын найрсаг хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Увс аймгаас 5 оюутныг Жинан хотын их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэснээ албан ёсоор илэрхийлсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ