Монгол үндэстнийг тодорхойлох хамгийн гол зүйл бол монгол бичиг

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-13 14:21:57

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2015” монгол бичгийн үзэсгэлэн өнөөдөр морин цагт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон хэл бичиг, түүх соёлын нэрт эрдэмтдийн төлөөлөл, уран бичээчид, багш, оюутан, сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Үзэсгэлэнг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Монгол хүн бол монголын бахархал. Монгол хүмүүний хамгийн том бахархал бол Эзэн Богд Чингис хаан. Монголчууд бид бүтээж буйгаараа, бие биенээрээ, гэр бүл, аав ээж, ах дүүгээрээ бахархъя. Монголчууд өөрсдөөрөө, хүнээрээ бахархах юм бол олон хүнтэй улс орноос дутахгүй хэмжээнд хөгжиж дэвжиж чадна. Монголчууд бусдаас дутуу сэтгэнэ, урлана, бүтээнэ гэж үгүй. Бид нэн түрүүнд залхууралгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөж, ажил хийж, амьдралаа авч явж буй хүмүүсээрээ бахархах ёстой. Хэрвээ энэ бахархлыг бий болгож чадвал Монголчууд өөдлөн дэвжинэ, өөртөө итгэлтэй болно. “Монгол бахархлын өдөр” өдөр бүр болж байгаасай. Монгол бахархал айл бүрт бий. Монгол хүний бүтээсэн гайхамшигтай дэлхийд хосгүй бүтээлүүдийн нэг бол монгол бичиг. Монгол хүн байя, монгол бахархалтай байя гэвэл монгол хүн бүхэн монгол бичгээрээ бичдэг, хэрэглэдэг байх хэрэгтэй. Монгол Улс, монгол үндэстнийг тодорхойлох хамгийн гол зүйл бол монгол бичиг. Тиймээс олон монголчууд, ард иргэд энэ үзэсгэлэнтэй танилцаасай. Монгол бичгийг шимтэн сурахаар оролдож буй залуу үе, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүчин зүтгэлийн үрээр Монгол бичгийн суу алдар улам өргөжин дэвжих болтугай” гэв.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдийг товхимол болгон хэвлэдэг бөгөөд оролцогчдын тоо жил ирэх тусам хүрээгээ тэлэн өргөжиж буйг багш мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ удаагийн үзэсгэлэнд монгол бичгийн 1000 жилийн түүхийг харуулан үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой. Эл үзэсгэлэнд эртний монгол бичгийн дурсгалууд, зоос, 30 гаруй сурвалж,1985-2015 он хүртэлх төрөөс гарсан бүх тогтоол шийдвэр, баримт бичиг хэрэглэгдэхүүн, 300 гаруй ном товхимлыг дэлгэжээ. Мөн Чой.Лувсанжав багшийн хэрэглэж байсан “Continental” бичгийн машин, 1991 онд монгол бичгийн бичээчдийн дамжаанд хэрэглэж байсан монгол бичгийн машин үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Түүнчлэн тус үзэсгэлэн монгол бичгийн үүх түүх, өнөөгийн хэрэглээ, үндэсний бичгээ сэргээн хэрэглэсэн 30 жилийн түүх, Хүмүүн бичиг сонины үүх түүх, тус сонины газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монголын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд, ховор нандин үзмэрүүд, Монгол бичгийн цахим хэрэглээг монголд нэвтрүүлж буй баримтууд, ЕБС-ийн монгол хэл уран зохиолын 60 багшийн сургалтын бүтээлээс бүрджээ.

Энэ үеэр цахим монгол бичгийн галерейг анх удаа мэдрэгчтэй дэлгэц дээр тайлбарлан хүргэж, монгол бичгийн ховор нандин хичээлүүдийг үзэсгэлэнгийн булангуудад гаргаж байв.

Тус үзэсгэлэн тав хоног олон нийтийн хүртээл болно.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ