Баг бүрээс таван иргэн өдөр бүр эргүүлд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-30 14:34:20
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн шийдвэрээр энэ сарын 25-наас эхлэн Зуунмод сумын зургаан багт урамшуулалтай эргүүл гаргаж эхлэв. Өнөөдрөөс нэгдүгээр багийн таван иргэн долоо хоногийн турш цагдаа нарын хамт эргүүлд гарч байна.

Хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон сууц, гэр хорооллын гудамж, оршин суугчдыг нь сайн мэдэх иргэнийг сонгон, өдрийн 10 мянган төгрөгөөр урамшуулалтай эргүүл хийлгэж байгаа юм. Эргүүл сумын хэмжээнд нэг сарын турш үргэлжлэх бөгөөд зургаан баг тус бүр долоо, долоо хоногоор ээлжлэн зохион байгуулагдах аж. 

Хэв журмын хамтарсан эргүүл ажилласнаар иргэдийн хяналт бий болж, аюулгүй, айдасгүй орчин бүрдэх, гэмт хэрэг, зөрчлийн тоо тодорхой хувиар буурах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, баяр ёслолын үеэр их гардаг хулгайн гэмт хэргийг бууруулахад чиглэж байгаа гэж аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ.
 Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ