Цагдаагийн газарт тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-30 16:48:20
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах салбар зөвлөлөөс /ГХУСАЗСЗ/ тусгай тоноглол бүхий хөдөлгөөнт эргүүлийн авто машиныг аймгийн Цагдаагийн газарт өнөөдөр хүлээлгэж өглөө.
Энэхүү машин нь нийт 30 орчим сая төгрөгийн өртөгтэй бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хээрийн нөхцөлд албан хаагчид тав тухтай албан үүргээ гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Э.Золбаатар хэлэхдээ, “Аймгаас баруун тийш Солонготын даваа хүртэл ямар ч хяналтын пост байхгүй. Энэхүү машиныг албанд хэрэглэснээр энэ магистрал замыг бүрэн хяналтдаа авах боломжтой боллоо. Тухайлбал, ачаалал ихтэй, хяналт шалгалт хийх шаардлагатай газарт хонон өнжин ажлаа хийх боломтой боллоо гэж ойлгож болно.  Ер нь зам тээврийн осол баруун тийшээх замд илүү гарч байгаа. Осол гараад байгаа “хар цэг” бүр дээр нь ажиллах боломж гарлаа. Дээр нь мал, модны хулгай зэрэг гэмт хэрэг ослуудтай тэмцэхэд үр дүнгээ өгнө гэж харж байгаа” гэлээ.

Аймгийн ГХУСАЗСЗөвлөл нь энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 33.5 сая төгрөг зарцуулах төсөвтэй юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ