57 газрын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-31 18:24:41
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг цэгүүдийг аттестатчилан 57 газрын тусгай зөвшөөрлийг цуцаллаа.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг тусгай зөвшөөрөлтэй 214 цэгээс 194 буюу хоол үйлдвэрлэлийн 28, хүнсний худалдааны 166 цэгийн үйл ажиллагааг шалган ажлын хэсгийн үнэлгээ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын саналыг үндэслэн 27 худалдаа, үйлчилгээний газрын эрхийг түдгэлзүүлж, 57 газрын эрхийг цуцалжээ.
Үйлчилгээ нь тогтвортой бус, эзэд нь түр хугацаагаар алс яваа, засвар өргөтгөл хийсэн, шатсан гэсэн шалтгаанаар аттестатлалд 20 цэг хамрагдаагүй байна.
-Сум орон нутагт хүнсний аюулгүй байдлыг хянах хүнгүй байгаад анхаарал хандуулж бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэн, хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд стандартыг хангуулах хэрэгтэй байна. Цаашид хот хоорондын зам дагасан хоол үйлдвэрлэлийн цэгт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байх нь зүйтэй гэж аймгийн Стандарчлал, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Бадам ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ