Улаанбаатарын хөгжих гарц утаанаас салах

ДЭЛХИЙН МЭДЭЭ
erdenebat@montsame.mn
2017-11-03 20:18:34
Чулуун нүүрснээс нүүрсхүчлийн исэл /СО2/  ялгаран  улмаар хүний  цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгждэг карбоксигемоглобин үүсгэдэг. Энэ нь уушиг, бөөр,цусан хангамжийн  янз бүрийн өвчтэй  болгох, дархлаа сулруулна. Цаашлаад бага насны хүүхдүүдийн өсөлтөнд   нөлөөлж давжааруулах зэрэг олон муу үр дагавартай гэж утааны талаар танин мэдэхүйн түвшинд тэмдэглэсэн байх юм.  

Мөн нүүрсхүчлийн хийн хэтрэлтээс  болж  ацидозүүсэх буюу организм доторхи хүчил-шүлтийн тэнцвэртэй байдал алдагддаг аж.

Улаанбаатарт  2017оны байдлаар  380 орчим мянган айл өрх амьдардаг. Түүний  201 мянган өрх буюу 52,8 хувь нь ердийн галлагаатай, 9900 өрх буюу 2,6 хувь нь нам даралтын зуух, ашиглан гэр хороололд амьдарч байна гэсэн статистик бий.  Иймд нийслэлийн утааны бохирдлын 80 хувийг гэр хорооллын өрхүүд  чулуун нүүрс түлж “үйлдвэрлэдэг” гэж ойлгож болно.

Хүрэн нүүсний шаталтыг хөөрөгддөг болон ялгарч буй утааг  шүүх бичил төхөөрөмжтэй гэрийн зуух, пийшинг үйлдвэрлэх нь  онолын ба техникийн нөхцөлийн тухайд боломжтой гэнэ. Гэхдээ ийм зуух нь эдийн засгийн хувьд дэндүү өндөр  өртөгтэй гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.  Нийслэлийн өрх  нэг бүрийг ийм зуухаар хангаж нийслэлийг утаагүй болгох боломжгүй бололтой.

Тэгээд ч бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын өрхүүдэд  тараагаад амьжилт олоогүй гашуун туршлага бидэнд бий. АНУ-ын мянганы сорилтын сан, Цэвэр агаар сангаас утааны бохирдолыг арилгах талаар  68 тэрбум төгрөгөөр  гэр хорооллын өрхийн 90  хувьд буюу 176 мянган ширхэг  сайжруулсан зуух, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан тоо баримтын бэх нь хатаагүй байна. Энэ бол 2013 оноос өмнөх тоо баримт билээ. Гэвч тэднээс үр дүнгээ өгсөн гээд нэрлэх, нүдэнд харагдаж гарт баригдах, нэг ч төсөл, хөтөлбөр алга. Утаа арилаагүй улам нэмэгдсэн байна. Утааны уурхай болсон гэр хорооллын хүрээг тэлдэг гол эх үүсвэр нь хөдөөнөөс шилжин ирэгсэд гэнэ. Монголд 8-12 жилийн давтамжтайгаар ган, зуд болдог. Малчид  малынхаа 20-30 хувийг, зарим газарт 75 хүртэл хувийг хорогдуулдаг. Амьжиргааны эх үүсвэрээсээ салсан иргэд  нийслэл бараадаж, хэт төвлөрлийг үүсгэдэг. Нийслэлийн нийт хүн амын 37 хувийг сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд бүрдүүлж байна гэж Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга  Агаарын бохирдол буруулах Үндэсний чуулганд тавьсан илдтгэлдээ дурдлаа. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин суурьших иргэдийн тоо жил тутам дунджаар 4,9 хувиар өсдөг.  Харин 2004 онд хамгийн олон буюу 68808 иргэн шилжин ирж байжээ. Түүнээс хойш 2015 он хүртэл жилд дунджаар 31 мянга, 2016 онд 29326 иргэн шилжин ирсэн гэсэн  статистик мэдээ байна. 

Улаанбаатарыг 1954 онд орчин үеийн хот болгон төлөвлөхдөө монгол гэрийн маягаар тойрог хэлбэрээр төлөвлөн барьж байгуулж эхэлсэн нь хаана ч байхгүй өвөрмөц шийдэл, төлөвлөлт байжээ. Одоо төвлөрлийг сааруулж нэг төвт хотоос олон төвт хот болгох  зорилт дэвшүүлсэн байгаа гэнэ.
Ер нь иженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд жил 30  мянган өрх   нэмэгдээд байгаа нь муу усны цооног, бие засах газар тэр тоогоор нэмэгдэж хотын агаар, ус, хөрсний бохирдлыг ихэсгэх гол хүчин зүйл болжээ.

Нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автомашин “үйлдэрлэдэг”  2016 онд 439 мянган  тээврийн хэрэгсэл тоологджээ. Утаа, угаарын хий “үйлдвэрлэгч” тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жил харьцангуй удаан эдлэгдсэн хуучин машин байгаа нь утаа, хорт хий үүсгэх эх ундарга нь болоод байна. Үлдсэн утаа нь цахилгаан станц бас бус зүйлээс гардаг юм билээ.

Монгол Улсын нийт газар нутгийн хоёр хувь нь Улаанбаатарт ногддог. Гэтэл  ДНБ-ний 75 хувийг үйлдвэрлэдэг, эрчим хүчний 60, хүлэмжийн хийн 70 хувийг ялгаруулж байна. Нийслэлийн хүн ам өнөөдрийн байдлаар 1,4 сая бөгөөд 2040 онд 2,4 саяд хүрэх тооцоо гарсан гэж. БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд Агаарын бохирдолыг бууруулах Үндэсний чуулганд тавьсан  илтгэлдээ дурдсан юм. 

Нийслэлийн хувьд утаа шинэ зүйл, дэлхийд бол танил “аялгуу” Лондон хот утаагүй болохын тулд 12 мянган хүнээ алдсан гэнэ.  Дараа нь 1956 онд “Цэвэр агаар” тогтоол гаргаж 1964 онд цуцалсан байна. Энэ хооронд Лондонгийн оршин суугчдын 98 хувийг төвлөрсөн шугам сүлжээнд холбожээ.  Ийм учраас Лондон хот шиг нийслэлийн  оршин суучдын 98 хувийг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбож байж утаанаасаа бүрэн салах боломжтой болох бололтой.   Оршин суугчдыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох нь томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг нийслэлчүүдээс шаардна. Түүнийг бид хийж утаанаас салах зорилтоо биелүүлнэ. Энэ байр суурин дээрээс авч үзвэл Улаанбаатарын хөгжих гарц нь утаанаасаа салах үйлдэл байж болох юм.                                                                                                                Г.Эрдэнэбат
Холбоотой мэдээ